Наадмын түрүү бөхөд “Ланд Криузер VX-R” загварын автомашин гардуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тоёота мотор корпорац” үндэсний их баяр наадмын түрүү бөхийг “Ланд Криузер VX-R” загварын автомашинаар шагнах тухайгаа НЗДТГ-ын Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.
“Тоёота мотор корпораци” энэ жилийн наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн шагнал болох тус автомашиныг долдугаар сарын 13-ны 11:30 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Монгол дахь “Тоёота мотор корпорац”-ийн албан ёсны дистрибьютор компани болох Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Тошира Курахаши нар албан ёсоор гардуулах юм.
Мөн төв талбайд тусгай тайз засч, дэлгэц байрлуулан үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг шууд дамжуулахаас гадна сонирхолтой үзүүлбэр толилуулахаар төлөвлөжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши хэлэхдээ, “Тоёота мотор корпораци” нь үндэсний их баяр наадмын түрүү бөхийг “Ланд Криузер VX-R” загварын авто машинаар шагнах болсноо албан ёсоор танилцуулж байна. Манай компани “Монголын үндэсний их баяр наадам”-ыг хүндэтгэн, энэ наадмын албан ёсны түншээр тав дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд монголчуудад Тоёотагийн баталгаат сэлбэг хэрэгслийн худалдаа, автомашины сонголтыг дэлхийн жишигт нийцэхүйцээр үйлдвэрлэж үйлчлүүлэгчдийн таашаалийг хүртэж чадсандаа баяртай байна. Бид цаашдаа худалдан авагч, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг улам нэмэгдүүлэн, “Сайн Иргэн Байгууллага” бодлогын хүрээнд монголчууддаа шилдэг, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллана” гэлээ.
“Тоёота мотор корпораци” нь “Үндэсний их баяр наадам-2018”-ын түншийн хувьд өөрийн албан ёсны дилер болох Хэт Моторс ХХК, Таван богд ХХК, Мөнххада ХХК-тай цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж ажиллах юм. Эдгээр компани нь өнгөрсөн оноос эхлэн монголчууддаа Тоёота-гийн баталгаат сэлбэг хэрэгслийн худалдаа, авто машины сонголт болон дэлхийн жишигт нийцсэн засвар үйлчилгээ хүргэхээр ажиллаж байгаа юм.
Д.Өлзий