Нэг ангийнхан аймгийн эмнэлгийнхээ төрөх тасагт тоног төхөөрөмж бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1998 онд төгссөн Д.Бортолгой багштай 10б ангийн хамт олон өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт яаралтай тусламжийн тэргэнцэр, глюкозметр, пульсоксометрийг гардуулан өглөө.
Тус ангийнхан төгсөлтийнхөө 20 жилийн ойн хүрээнд зөвхөн уулзаад өнгөрөхгүйгээр сайн үйлс бүтээхээр шийдэн Төрөх тасагт, ялангуяа дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд нэн шаардлагатай эдгээр тоног төхөөрөмжүүдийг хоёр сая төгрөгөөр захиалан авсан байна.
Яаралтай тусламжийн тэргэнцэр нь олон шургуулга, хог хаягдлын сав, дуслын штативтай, яаралтай тусламжийн үед эмч сувилагч нар эм тариа гэх мэт хэрэгслүүдийг хийн зөөвөрлөдөг нярай хүүхдийн сэхээн амьдруулах арга хэмжээнд нэн шаардлагатай ажээ. Зөөврийн пульсоксометр нь зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хэмжээ хэмжигч багаж юм. Мөн нярай хүүхдийн сахар тогтворгүй, сахар багассан үед таталт өгч, хүндрэл үүсдэг тул үүнийг тогтмол үзэхэд шаардлагатай глюкозметрийг сонгосон байна.
Д.Одонтунгалаг