“Ялтын уулзалт” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-07 15:15:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аугаа их эх орны дайны ялалтын баярын 73 жилийн ойг угтан өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Учрал, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд “Ялтын уулзалт” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Дэлхийн II дайныг ялалтад чиглүүлсэн их гүрнүүдийн удирдагч нар буюу ЗХУ-ын удирдагч Иосиф Виссарионович Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар Адольф Гитлерийн эсрэг нэгдэж, 1945 оны 2 дугаар сарын 04-11-нд Ялта хотноо уулзсан. Энэхүү уулзалт дэлхий нийт Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд томоохон түлхэц үзүүлсэн гэж үздэг. Тиймээс уг түүхэн уулзалтын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг өнгөрсөн онд Улаанбаатар хотноо босгосон гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал цэцэг өргөх ёслолын үеэр онцлов.
Мөн үеэр Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор Ялтын уулзалтын талаарх түүхэн уулзалтын талаар эргэн дурсав. Тэрбээр “Ялтын уулзалтаар ЗХУ Япон Улсад дайн зарлах тухай болон түүнтэй холбогдсон болзлуудыг авч хэлэлцсэн байдаг. ЗХУ-ын удирдагч И.В.Сталин Дундад иргэн улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Японы эсрэг дайн зарлаж, Хятадын зүүн хойд мужуудыг түрэмгийлэгчдээс чөлөөлнө гэсэн хатуу болзол тавьсан. Улмаар холбоотон орнууд түүний болзлыг хүлээн зөвшөөрч, БНМАУ-ын тусгаар тогтносон статусыг хэвээр хадгалах, үүнийг Дундад иргэн улсын удирдлагууд ойлгуулах үүргийг АНУ-ын Ерөнхийлөгчид даалгасан байдаг. Үүний дүнд 1946 оны 2 дугаар сарын 05-нд Дундад иргэн улс Монголын Улсын Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, улмаар 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн түүхтэй. Тиймээс энэхүү уулзалтын түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулах үүднээс жил бүр цэцэг өргөх ёслолыг уламжлал болгон зохион байгуулах болсон” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news