"Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-26 16:21:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар “Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг хэлэлцэж батлав.

Худалдаа, үйлдвэрлэл бол хүн амыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хоол хүснээр тогтвортой хангах, ДНБ-ий өсөлтийг хангах онцгой ач холбогдолтой салбар юм. Улсын хэмжээнд энэ салбарт 72 мянга 182 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 34 мянга 534 нь ажиллаж буй юм. 1990 оноос хойш худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын бодлого алдагдаж, мэргэжлийн боловсон хүчний хомсдол орсон гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр дурьдлаа. Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд хувь хүмүүс нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэх нь нэмэгдэж байна. Энэ нь иргэд, оршин суугчдын тав тухтай байдлыг алдагдуулж, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Нөгөөтэйгүүр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрийн 62 хувь нь гэр хорооллын нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулж байна. Гэр хорооллын дэлгүүрүүдийн 90 хувь нь уурын зуух ашиглаж, агаарын бохирдлыг бууруулахад сөргөөр нөлөөлж байгаа юм. Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн байгууллагуудын ердөө есөн хувь нь л зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн стандартад оруулах зорилгоор “Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг боловсруулсан” гэлээ.

Дэд хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд нийт 365 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ хугацаанд худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын хоёр журам, гурван стандартыг шинэчилэх, гарааны бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах аж. Мөн хоол, хүнсний үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тогооч, үйлчилгээний ажилтнуудын дунд мэргэжил, ур чадварын тэмцээн зохион байгуулах, хоол хүнс, бүтээгдэхүүний шошгонд шим тэжээлийн мэдээллийг дэлгэрэнгүй оруулдаг болох зэрэг 23 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсан байна.

Дэд хөтөлбөрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх төлөөлөгч байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь дэмжиж батлав.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news