“Залуус хөгжлийн эхлэл” арга хэмжээг 17 суманд зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-26 10:27:35
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд ГБХЗХГазраас санаачлан "Залуус хөгжлийн эхлэл" хөтөлбөрт арга хэмжээг аймгийнхаа 17 сум, нэг тосгонд сарын хугацаатай зохион байгууллаа.

Энэ үеэр сум бүрт нэг өдрийн хөтөлбөртэй ажилласан бөгөөд орон нутгийн 1191 иргэнийг хамруулан "Гэр бүлийн үнэ цэнэ", "Гэр бүлийн боловсрол" зэрэг лекцийг иргэдэд хүргэжээ.

Мөн 7-12 ангийн 1339 сурагчид "Хүүхдийн оролцоо ба хөгжил", "Мэргэжил сонголт", "Цахим орчин дахь аюулгүй хэрэглээ" сэдэвт, ЕБС-ийн 277 багшид Хүүхдийн эрх болон "Хүүхэд хамгааллын хууль"-ийн талаар сургалт явуулсан байна.

Түүнчлэн хүүхэд хамгааллын хамтарсан 18 багт аргазүйн зөвлөгөө өгч, 18 сумын залуучуудын зөвлөлийн 136 залуустай уулзалт зохион байгуулж, сэтгэлзүйн үйлчилгээг 175 хүнд хүргэжээ.

Мөн энэ үеэрээ аймгийн ЭМГ-тай хамтран дотор, мэдрэл, шүдний эмчийн үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй 366 иргэнд үзүүлж, мэргэжлийн үсчин 17 сум, нэг тосгоны 304 иргэнд хөнгөлттэй үнээр үйлчилсэн байна.

"Хэтийн Хэнтий 2030" хөтөлбөрийн хүрээнд сум бүрийн залуучуудын зөвлөлийн хоёр гишүүнийг туршлага судлуулах зорилгоор Улаанбаатар, Дархан, ОХУ-ын Улан-Үдэ хотуудын залуучуудын зөвлөлтэй уулзах, аялах эрхийн бичиг гардуулжээ.
Д.Одонтунгалаг
 
 
 

Related news