Ашиглалтын шаардлага хангаагүй байранд амьдарч байсан 70 өрх шинэ орон сууцанд орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-18 15:05:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо буюу Цайз захын урд "Шинэ гэр түншлэл” компанийн барьсан 152 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад орлоо.
Тус хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 6, 7, 8 дугаар байр байрлаж байсан бөгөөд нийт 70 өрх аж төрж байжээ. Өнгөрсөн онд Нийслэлийн удирдлагууд эдгээр байрыг дахин төлөвлөх шийдвэр гаргаж, "Шинэ гэр түншлэл” компани төслийн гүйцэтгэгчээр шалгарсан байна. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэж, өнөөдөр ашиглалтад оруулж, өмнөх нийтийн орон сууцанд амьдарч байсан 70 өрхөд шинэ байрных нь түлхүүрийг гардуулав.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Аз жаргалтай хот” хөтөлбөр нийслэлийн хэмжээнд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган шинээр барих ажлыг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлж байна. Энэ бол зөвхөн нийслэлийн удирдлагуудын хийх ажил биш. Иргэд, хувийн хэвшил харилцан ойлголцож хамтран ажилласнаар амьдрах орчноо сайжруулах юм” гэв.
Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангаагүй, нийтийн орон сууцны зориулалттай 234 барилга тоологдсон. Эдгээр барилгуудад 6321 өрхийн 21 мянга 500 гаруй иргэд оршин сууж байна. Үүнээс энэ оны эхний улиралд 92 айлын 18 орон сууцыг буулгаж, 453 айлын 4 орон сууцыг шинээр ашиглалтад оруулжээ. Харин 2018 оны сүүлч гэхэд 727 айлын 8 орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
Ч.Ариунболд
Related news