Канад сангийн буцалтгүй тусламжийг 240 гаруй сум хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-04-11 15:08:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад улсын ЭСЯ-наас Канад сангийн хөтөлбөрийг танилцуулах, төсөлд хэрхэн хамрах болон төсөл боловсруулахад анхаарах зөвлөмж өгөх өдөрлөгийг өнөөдөр “Централ Тауэр”-т зохион байгууллаа.

Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр нь Монгол Улсад 1997 оноос анх хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө 21 дэх жилдээ Монголын эдийн засаг, соёл, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Тус улсын Засгийн газраас дэлхийн хөгжиж буй 100 гаруй улсад хэрэгжүүлдэг энэхүү төсөл хөтөлбөр нь хөгжиж буй улс орнуудын ард иргэдийн эдийн засаг, соёл, нийгмийн амьдралыг дээшлүүлэхэд оршино. Үүний тулд техник, эдийн засаг, боловсрол, соёл урлаг блон нийгмийн хөгжлийг дэмжихэд туслалцаа болох жижиг төслийг Канадын ЭСЯ-аар дамжуулан тэтгэлэг олгон хэрэгжүүлдэг.
Энэ жил Канад сангаас Жендерийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах, Бүгдийг хамарсан засаглал үүнд олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс, Хүний эрхэм чанар эрүүл мэнд, боловсрол, хоол, тэжээл, Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт зохистой ажлын байр болон энтрепренёршип, ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах, эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах үйл ажиллагааг дэмжих чиглэлээр төсөл сонгон шалгаруулах юм.
Төслийг ирэх сарын 11-нийг хүртэл Канад улсын ЭСЯ-нд хүлээн авах бөгөөд төсвийн санхүүжилт нь 50 мянган канад доллар байх юм.
Тус сан өнгөрсөн хугацаанд нийт 430 гаруй төсөл хөтөлбөрт 6 сая гаруй канад долларын буцалтгүй тусламжийг 21 аймгийн нийт 240 гаруй суманд төслийн тэтгэлэг хэлбэрээр үзүүлжээ.
2017-2018 онд Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрт нийт 700 гаруй төслийн санал ирснээс Улаанбаатар, Булган, Өвөрхангай зэрэг аймагт нийт 160 мянга гаруй канад долларын санхүүжилтээр 13 төслийг сонгон санхүүжүүлсэн байна.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news