Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхийн орнуудаас 2-4 дахин их

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-04-11 14:49:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, ЭХЯ болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгуулсан “Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгээр Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлснээр уур амьсгалд гарч буй сөрөг нөлөөг багасгах, илүүдэл эрчим хүчийг импортлох, хэрэглэгчдэд очих үнийн дарамтыг буулгах нь чухал гэдэгт төвлөрөв.
 
Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, холбогдох албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов. Хэлэлцүүлгээр сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, үнэ тариф, уур амьсгалын өөрчлөлт,  тулгамдаж буй асуудал, цаашид хөгжүүлэх боломж, гарц шийдлийн талаар санал бодлоо хуваалцлаа.
 
Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ярихдаа, “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салхины хоёр цахилгаан станц, нарны хоёр цахилгаан станц үйл ажиллагаа явуулж байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу тарифыг 11 төгрөг 88 мөнгөөр тогтоосныг хэрэглэгчид мөрдөж байгаа. Бусад эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад манай сэргээгдэх эрчим хүчний үнэ 2-4 дахин их бөгөөд цаашдаа одоогийн байгаа хуулиар сэргээгдэх эрчим хүч шинээр ашиглалтад ороход тариф багасах бус нэмэгдэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж  тарифыг бууруулах шаардлагатай ” гэв.



Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Монголын эрчим хүчний салбараас баримталж байгаа бодлогоор 2023 оноос өөрийн хэрэгцээг бүрэн хангаж, илүүдэл эрчим хүчийг экспортлох зорилт тавьсан. Манай улсад нар, салхины болон 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөц байгаа бөгөөд үүнийг ашиглан цахилгаан болгон хувиргаж, зүүн хойд Ази руу экспортлон их хэмжээний валют оруулж ирснээр улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах боломж бий”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гол хүчин зүйл нь сэргээгдэх эрчим хүч юм. Судалгаанаас үзэхэд хүлэмжийн хийн ялгарал уур амьсгалын өөрчлөлтөд маш их нөлөөлж байна. Иймд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг зайлшгүй дэмжих шаардлагатай” гэв.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт хувийн хэвшлийн “Дарханы 10МВт-ийн НЦС” Солар повер Интернейшнл ХХК-ийн захирал Б.Мандалбаяр, “МонНаран 10 МВт-ийн НЦС” Эвридэй Ферм ХХК-ийн Ерөнхий менежер Э.Мөнхбаясгалан, “Салхин цахилгаан станц” Клин Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар, “Эрдэнэбүрэн УЦС”-ын Усны барилга байгууламжийн инженер М.Ангараг, “Чойр дахь НЦС”-ын төлөөлөл оролцож “Хамтарсан кредит олгох механизм”, “Цэвэр хөгжлийн механизм”, “Уур амьсгалын ногоон сан”, “Төр-хувийн хэвшил” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
 
Б.Ундармаа
.
Related news