Иргэд гадаад паспортын үйлчилгээг 10 цэгээс харьяалал харгалзахгүй авдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-04 14:58:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн бүртгэлийн хэлтэст гадаад паспорт шинээр захиалах, олгох үйлчилгээг шилжүүлэх болсон талаар өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-аас мэдээлэв.
 
Гадаад паспортын захиалгыг зөвхөн ОӨУБЕГ болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбарт авч байгаа. Энэ нь дараалал, хүлээлт үүсэх зэргээр иргэдэд чирэгдэл учруулдаг тул энэ сарын 09-нөөс төвийн 6 дүүрэг буюу Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс гадаад паспортын энгийн болон яаралтай захиалга авдаг болох аж. Ингэснээр иргэд дээр дурьдсан 10 цэг буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар, төвийн зургаан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс харьяалал харгалзахгүйгээр гадаад паспортын үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Харин 100 айл дахь ОӨУБЕГ-т гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй. 
Улсын бүртгэлийн байгууллага 2015 онд 286 мянга 862 иргэнд үйлчилж байсан бол 2017 онд 350 мянга 421 болж нэмэгджээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар 70 мянган 489 иргэнд гадаад паспортын үйлчилгээ үзүүлжээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news