Нийслэлийн хориглосон бүсэд байгаа малыг тавдугаар сарын 01 гэхэд нүүлгэн шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-02 15:44:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж,  авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Хайрханы 10-202 тоотод оршин суугч н.Төмөрбаатарын суурьт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов. Тус бүсэд 40 гаруй өрхийн 133 иргэн амьдардаг. Одоогоор таван үхэрт шүлхийн ерөнхий шинж тэмдэг илэрсэн бөгөөд НМХГ, НОБГ болон холбогдох албаныхан яаралтай устгалд оруулав. Хорио цээрийн бүст цагдаа, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, онцгой байдлын албаны 69 хүн 45 техниктэйгээр ажиллаж байгааг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа. 
Иргэн н.Төмөрбаатар нь өөрийн эзэмшлийн 9 үхрийг Төв аймагт борлуулан, мөн 9 тооны үхэр худалдан авч, нийслэлд нэвтрүүлжээ. Цагдаагийн байгууллага н.Төмөрбаатарын худалдан авсан 9 үхэр нь шүлхийтэй байсан хэмээн үзэж, хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Хорио цээрийн бүсэд байгаа бүх малыг малыг вакцинжуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийсэн байна. Түүнчлэн дахин гурван удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш дурьдлаа.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд үүрэг өглөө. Тухайлбал, Шүлхийтэй мал тээвэрлэж оруулж ирсэн, хариуцлага алдсан иргэн, албан тушаалтнуудыг тогтоохоор Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ ажиллаж байгаа. Шалгалтын хариуг ажлын 5 хоногт гарган Нийслэлийн Засаг даргад танилцуулах, хариуцлага алдсан этгээдэд хатуу хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд олон иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр мал болон гахайн аж ахуй эрхэлж байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг цэгцлэхийг тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд даалгав. Мөн бусад дүүргийн удирдлагууд ч өөрсдийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй мал болон гахайн аж ахуй эрхлэгчдэд тавих хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шижлүүлэх захирамжийг Хотын дарга өнгөрсөн онд гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс мал бүхий иргэдийг суурьшуулах газар, худаг ус, цахилгаанд холбоход шаардагдах хөрөнгийг Нийслэийн удирдлагууд өнгөрсөн сард бүрэн шийдвэрлэжээ. Тиймээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг энэ оны 5 дугаар сарын 01 гэхэд нүүлгэн шийлжүүлэхийг үүрэг болгов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд албан тушаал, эрх мэдэл, унаа тэрэг бүгд бэлэн байгаа. Тиймээс шүлхий гарсны дараа сандрахаас өмнө урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ бол 1.3 сая иргэний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс энэ оны 5 дугаар сарын 01 гэхэд Нийслэлийн хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлээгүй бол Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, НМХГ, Мал эмнэлгийн газар, НОБГ-ын удирдлагууд бүгд хариуцлага хүлээнэ” гэлээ.

Мөн Хотын дарга нийслэлд малын гаралтай бүтээгдэхүүн ил задгай борлуулдаг захуудыг цэгцлэх, Хүчит шонхор захыг хаах ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг үүрэг болгов.Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотын хоёр захад мал, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах орчин үеийн стандартын шаардлага хангасан зах байгуулахаар төлөвлөж байгааг ч танилцууллаа. Улмаар 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг боловсрол, эрүүл мэндийн байгууллага, нийтийн хоолны газар нийлүүлэхийг хориглох аж.
Түүнчлэн аймгуудаас Улаанбаатар хотод нэвтэрдэг албан бус буюу хулгайн замыг хаах, байнгын эргүүл, пост ажиллуулах санал боловсруулах, энэ оны 8 дугаар сарын 01 гэхэд орчин үеийн стандартын шаардлага хангасан ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулахыг үүрэг болгов.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news