Мэдээллийн ил тод байдлын тухай хэрэгжилт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 12:25:39

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэнд үнэлгээ / мониторинг/ хийж байгаа Өрнөх хөгжил ТББ-ын гүйцэтгэх захирал М.Дуламжавтай уулзаж хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт манай аймагт хангалттай байж чадаж байгаа юу?

-Төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад мэдээллийн ил тод байдал нь чухал ач холбогдолтой юм. Нээлттэй нийгэм форумын санхүүгийн дэмжлэгээр Улиастай, Идэр, Яруу, Алдархаан сумдад Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжилтэнд ИНБ, иргэдийн бүлгээс хөндлөнгийн хяналт тавих,  арга зүйг орон нутагт нутагшуулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор тухайн сумдын төрийн албан хаагч иргэд нийлсэн 400 гаруй хүнээс Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт, ойлголтын талаар судалгаа авч дүгнэлт хийлээ. Хуулийн хэрэгжилт, хуулийн мэдлэг, мэдээлэлийн ил тод байдал дээрх сумдад хангалттай биш байна.

-Тодруулбал ямар асуулга авсан бэ?

-Бидний хийсэн мониторингийн асуумж судлагаагаар иргэд мэдээллийг дийлэнхдээ телевиз, ам дамжсан ярианаас хүлээн авдагтай холбоотойгоор Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаар мэдэх үү гэсэн асуултанд судалгаанд оролцогч иргэдийн  9 хувь нь мэднэ  91 хувь нь тус хуулийн талаар мэдэхгүй гэж хариулж байна. Мөн  төрийн байгууллагын мэдээ, мэдээллийг цаг тухайд 100 хүнээс 10 нь авч чаддаг бол орон нутгийн удирдлагаас гаргасан иргэдтэй хамааралтай бодлого шийдвэр, тушаал захирамж,  төрийн  байгууллагад ажиллаж буй ажилтнуудын нэр, утасны дугаар, ажил үүргийн хувиарыг мэдэхийг илүү хүсч буйгаа илэрхийлж байлаа.

Та орон нутгийнхаа төрийн байгууллагын мэдээллийн ил тод  байдлыг хэрхэн дүгнэх вэ?  гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 58 хувь нь дунд зэрэг, 42 хувь нь сайжруулах шаардлагатай гэж хариулсан.

Мөн төрд ажиллаж буй албан хаагчид мэдээллийг ил тод болгох сонирхолгүй, орон нутагт хуулийн хэрэгжилт сул байгаа нь төрийн байгууллагын ил тод байдалд саад болж байна гэж иргэд үзэж байлаа. 

Түүнчлэн хуулийн хэрэгжилтэнд тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх нь маш чухал гэж  54 хувь, төрийн байгууллагын ажилтнуудын хуулийн мэдлэг ур, чадварыг нэмэгдүүлэх нь чухал гэж  43 хувь, иргэдийн хуулийн мэдлэг ур, чадварыг нэмэгдүүлэх нь маш чухал гэж 45 хувь, Төрийн ажилтануудын зан харилцааг сайжруулах нь маш чухал гэж 41 хувь, Мэдээллийн ил тод байдлыг хангах самбарын мэдээллийг сайжруулан тогтмол шинэчлэх нь чухал гэж 46 хувь, Мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах нь чухал гэж 54 хувь нь тус тус үзэж байна.

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хэзээнээс эхлэн хэрэгжсэн билээ? Хуулийн хэрэгжилт яагаад хангалттай биш байна гэж үзэж байна?

-Энэ хууль 2011 онд батлагдсан.  2012 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн энэ хуулиар  байгуулагын үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал гэсэн.дөрвөн  үндсэн зүйлийг ил тод болгоно гэж заасан байдаг. Жишээ нь: Байгуулага сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах ёстой. Энэ дөрвөн  зүйл иргэд, олон нийтэд ил тод болж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр хуулийн хэрэгжилт ямар байгаа нь ойлгомжтой байхаа.  Харин 2015 оны 01 сарын 01 нээс Төсөв, санхүүгийн ил тод байдал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал  нь Шилэн дансны хуулиар зохицуулагдаж  байгаа.

-Иргэд хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авах нь нийгэмд хэр ач холбогдолтой вэ?

-Мэдээлэлтэй иргэд асуудалд ул суурьтай нотолгоотой, хуулийн хүрээнд хандсанаар авилгаас хамгаалах, эрх мэдлийг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх, өөрсдийн амьдралын асуудлаар шийдвэр гаргах чадвартай болдогоос гадна  хувь хүний эрхээ эдлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ сэтгэлд нийцсэн үйлчилгээг төрөөс шаардах, хувь хүн ба нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах боломж бүрддэг шүү дээ. 

Б.Мягмарсүрэн

Related news