Европын сэргээн босголт хөгжлийн банкны зөвлөх Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-21 19:07:07
Хэнтий /МОНЦАМЭ/ Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төслийн мэргэжилтнүүд Хэнтий аймагт өнөөдөр ажиллалаа.

Уг төслийн бүрэлдэхүүн аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлсэн төслийн үр дүнтэй танилцах, шинээр зөвлөх үйлчилгээ авах компаниудтайгаа уулзах зорилготойгоор иржээ. Энэ үеэрээ 2017 онд Эвсэг хас сан ТББ-ыг сонгон Зөвлөх үйлчилгээг авч хэрэгжүүлсэн Хэнтийн мэдээ агентлагаар зочлон төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэлээ.

Хэнтийн мэдээ агентлагийн хамт олон стратеги менежмент шинэчлэлийнхээ хүрээнд мэдээллийн сувгаа найм болгон өргөжүүлж, Хэнтий аймгийнхаа бүх сум, тосгон, багийн иргэд хөдөлмөрчдөд зориулсан Хэнтийн мэдээ агентлагийн үнэ төлбөргүй уншлагын 140 цэгийг байгуулж, мэдээллийн хүртээмжээ давхардсан тоогоор 100 000 гаруй хүнд шуурхай хүргэх боломжийг бүрдүүлээд байна.

Тодруулбал, Хэнтийн мэдээ сонин, Хэнтий news сэтгүүлээс гадна Эзэн Чингисийн өлгий нутгийг дэлхийд сурталчлах зорилготой www.khentiinews.mn мэдээллийн портал сайт, пэйж хуудас, масс мессеж үйлчилгээг шинээр нэвтрүүлж, МҮОНРадио, МОНЦАМЭ агентлагаар дамжуулан Хэнтийн мэдээг улс орон даяар, цаашлаад дэлхий дахинаа түгээх боломжтой болсон юм.

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн эхний үе шат 2018 оны сүүлээр дуусч байгаа аж. Тиймээс төслөө үргэлжлүүлэх саналыг Европын холбоонд уламжилснаар ХБНГУ-ын зөвлөх ирж төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийн Хэнтий аймагт ийнхүү ажиллалаа.

Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төслийн хамт олон 17 жилийн хугацаанд 700 гаруй төсөл хэрэгжүүлж, 500-аад жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлжээ.
Д.Одонтунгалаг
 

Related news