Зуслангийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар бүртгэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-15 12:06:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд зуслангийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар бүртгэж байгаа тухай мэдээлэл үндэслэлгүй гэдгийг Нийслэлийн газрын албанаас мэдээлэв.

Сүүлийн өдрүүдэд “Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ” гэсэн мэдээлэл зарим мэдээллийн цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр цацагдах болсон. Энэхүү мэдээлэл нь 2016 оны дөрөвдүгээр сарын мэдээлэл бөгөөд одоогоор цахим бүртгэлийн ажил зогссон байна. Харин зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэд харъяа дүүргийнхээ Газрын албанд өргөдөл болон бусад бичиг баримтаа бүрдүүлэн өгөх юм.

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор хуурамч гэрчилгээ үйлдэх, түргэн хугацаанд өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэх мэтээр иргэдийг хууран мэхэлж, залилах тохиолдол гарах болсон. Тиймээс иргэд газар худалдан авах, бусдын эзэмшлийн газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэхдээ тамга, тэмдэг болон гэрчилгээ үнэн зөв эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулахыг анхааруулав.
Ч.Ариунболд
Related news