У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, ээжүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-03-07 13:49:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” хүндэтгэлийн ёслолыг Төрийн ордонд зохион байгуулж, 1000 ээж оролцлоо. 

Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ээжүүд, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр "Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхан бүхний эх ундарга нь өргөө гэрийг гийгүүлэгч ЦАГААН ДАРЬ ЭХ-үүд та нар минь юм шүү. Эх орны хойч үеийг эрүүл саруул өсгөж, Монгол хүн болж төлөвшүүлэхэд буянтай ээжүүд та бүгдийн оруулсан хувь нэмэр юутай ч зүйрлэшгүй их үнэ цэнэтэй. Улсын хөгжил хүнээсээ гэдэг. Ийм сайхан эмэгтэйчүүд, ээжүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм" хэмээсэн юм.

Тэрбээр мөн ээжийнхээ тухай дурсамжийг хуваалцсан бөгөөд "Миний ээж эгэл жирийн тээврийн жолооч хүн байсан. Чиргүүлтэй ЗИЛ-130 ачааны машин барьдаг байлаа. Миний ээж хүнд хүчир ажлынхаа хажуугаар ах дүү бид тавыг эрүүл саруул өсгөн торниулж өдий зэрэгт хүргэсэн юм. Одоо эргээд санахад гэр бүлийн маань сайн сайхан, халуун дулаан уур амьсгал, хайрын илч гэрэл бүхэн ээжээс минь цацарч байдаг байжээ. Миний ээжийн адил Монголын мянга мянган ээж улс орон, гэр бүлийнхээ төлөө хатан зориг гарган хамаг хүчээ дайчлан тэмцэж амьдарч байна. Та нар маань энэ цагийн баатар эмэгтэйчүүд шүү гэдгийг энэ өдөр зориуд цохон тэмдэглэж хэлье" хэмээв. 



Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон ч дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байгааг шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэхээ Ерөнхий сайд мөн хэлж байв. Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд иргэн бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчин бий болгохын тулд Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгэснийг онцлоод ,Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн гарч, Монгол Улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадсан 9 дэх орон болсныг НҮБ-аас зарласныг жишээ болгон дурдсан юм.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэж, охид, эмэгтэйчүүд хохирогч болж байгааг таслан зогсоохын төлөө ажиллана гэдгийг Ерөнхий сайд мэдэгдэв.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news