“Хэнтийн мэдээ агентлаг” Бор-Өндөр суманд салбартай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-02-20 23:11:35
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтийн нутгийнхаа иргэдийг хэрэгцээт, тэнцвэртэй мэдээллээр хангах үүргийг найман жилийн турш хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн “Хэнтийн мэдээ” сонины редакц 2018 оныг “Хэнтийн мэдээ агентлаг” болон  өргөжсөн амжилтаар угтаж, мөн Бор-Өндөр суманд салбар редакц нээлээ.
 
Тус хамт олон аймагтаа хамгийн олон хүн амтай буюу албан бус тоогоор 15 000 орчим хүнтэй Бор-Өндөр суманд “Бор-Өндөр news” сар тутмын сонинг эрхлэн гаргаж, орон нутгийнхаа иргэдийг цаг үеийн мэдээллээр хангахаар төлөвлөн ажиллаж байна.

“Бор-Өндөр news” сар тутмын сонингийн эхний дугаар Монгол түмний уламжлалт  сар шинийн баярыг угтан хэвлэгдэж уншигчдад хүрчээ. Мөн сошиал орчинд “Бор-Өндөр news” нэртэй цахим хуудсыг ажиллуулж, өдөр бүр уншигчдад мэдээлэл хүргэж байна.

Цаашид Бор-Өндөр суманд ажиллаж, амьдарч буй иргэдэд орон нутагт нь өрнөж буй цаг үеийн мэдээ мэдээлэл, онцлог үйл явдлуудын сурвалжлага, зар сурталчилгаа, сонирхолтой нийтлэл ярилцлагыг нийт 15 уншлагын цэг, сошиалаар дамжуулан үнэ төлбөргүй хүргэх аж.

Тус сумын ИТХ, ЗДТГ, төр хувийн хэвшлийн байгууллагууд "Хэнтийн мэдээ агентлаг"-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, "Бор-Өндөр news" сар тутмын сонингоор дамжуулан үйл ажиллагаа, мэдээ мэдээллээ иргэдэд хүргэх, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж эхэлжээ.
Д.Одонтунгалаг

Related news