Жендэрийн талаар ахиц дэвшил гарсан ч зайлшгүй шийдвэрлэх бэрхшээлүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-02-01 11:55:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй "Жендэр ба хөгжил" үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.

Чуулганы үйл ажиллагаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, хороод, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 500 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд жендэрийн талаарх олон улсын чиг хандлага, төрөөс баримталж буй бодлогыг танилцуулах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна. 

Тус чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрбээр "Жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн гол зарчим. Засгийн газар хөгжлийн бүхий л бодлого, хөтөлбөртөө жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорьж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жендэрийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” зорилтыг тусгасан. Хэдийгээр бодлогын хувьд ахиц дэвшил гарсан ч анхаарахгүй орхигдуулж болохгүй зарим асуудлууд бий. Үүнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг үндэсний хэмжээнд сурталчлан таниулах,  жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгахад бүх нийтийн жендэрийн боловсролыг дэмжих, хөдөлмөрийн харилцаатай холбоотой ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, энэ чиглэлээр холбогдох яамд бодлого гаргаж, түүнийгээ олон нийтэд танилцуулах, Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн ч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, осол гэмтлээс үүдэлтэй нас баралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн зөвхөн улс төр гэж хязгаарлахгүйгээр бүх шатны шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдээ дэмжиж, тэдний хөдөлмөрийг үнэлэх, хамтдаа хөгжих тэгш боломжийг олгох, яамд өөрсдийн салбарт баримтлах жендэрийн бодлого, орон нутгууд өөрийн онцлогийг тусгасан жендэрийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, Жендэрийн үндэсний хорооны салбар зөвлөл, хороод үйл ажиллагаагаа эрчимжүүлж, жендэрийн асуудлаар төрийн албаны манлайллыг бэхжүүлэхэд хичээн ажиллах, дэлхий нийтээр мөрдөж буй тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх нь олон улсын өмнө хүлээсэн чухал үүрэг хариуцлага гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна" гэлээ.


Эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж цалингийн ялгаа багасахгүй байна

Дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Төрөөс жендэрийн талаар баримталж буй бодлогыг танилцуулахдаа "Манай улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш эрх, адил боломжоор хангахад анхаарч ирсэн. Бас эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар чухал шийдвэрүүд гаргаж ирсэн түүхэн уламжлалтай. Ардын хувьсгал ялсан анхны жилээс эмэгтэйчүүдийг богтлохыг хориглож, тэдэнд эрэгтэйчүүдийн нэгэн адил суралцах эрх олгож, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуулийн “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээх заалт, НҮБ-ын ивээл дор зохион байгуулагдсан Хүний эрхийн асуудлаарх 1993 оны Венийн, Хүн амын хөгжлийн асуудлаарх 1994 оны Кайрын, Эмэгтэйчүүдийн асуудлаарх 1995 оны Бээжингийн олон улсын бага хурлуудын шийдвэрийг хэрэгжүүлж жендэрийн тэгш байдлыг хангахад ахиц гаргахыг зорьж байна.
Манай улс Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 2002 онд батлан хэрэгжүүлж,  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлан мөрдүүлээд байна. Энэ хуулийг батлан гаргаснаар манай улс Ази тивдээ жендэрийн асуудлаар ахиц дэвшил гаргасан цөөн орны тоонд зүй ёсоор багтах болсон" хэмээв. 

Сайдын илтгэлд дурдсанаар төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд жендэрийн зарим үзүүлэлт сайжирсан байна. Тухайлбал,
  • Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалтын үзүүлэлтүүд нэмэгдэж, жендэрийн хөгжлийн индекс 2002 онд 0.6 пункт байсан бол 2015 онд 1.0 болж 0.4 пунктээр өслөө.
  • Хөвгүүдийн сургууль завсардалт багасч, бага болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хүйсийн харьцаа бараг тэнцүү, их, дээд сургуульд суралцагчдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин нэмэгдсэн. Энэ нь боловсролын салбарт жендэрийн зөрүүтэй байдал багасч байгааг харууллаа. 
  • УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо өсч, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сайжирчээ.
Энэ мэтээр бодлогын хувьд ахиц дэвшил гарсан ч анхаарахгүй орхигдуулж болохгүй зарим асуудлууд аж. Тухайлбал, нийт ажиллагчдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин эмэгтэйчүүдийнхээс 6 пунктээр илүү болсон. Энэ харьцаа цаашид хадгалагдах төлөвтэй. Харин эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч  эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж цалингийн ялгаа багасахгүй байна.

2017 оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин улсын хэмжээнд 955.9 мянган төгрөг, үүнээс эмэгтэйчүүдийнх 846.1 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 1 сая 67.9 мянган  төгрөг, цалингийн зөрүү 221.8 мянган төгрөг болжээ.  Энэ зөрүү нь цалингийн хэмжээнээс хамааралтай тэтгэвэр, тэтгэмжид нөлөөлж байна. Тухайлбал, 2016 оны байдлаар эмэгтэйчүүдийн өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдийнхээс 68.4 мянган төгрөгөөр буюу 18.6 хувиар бага байна.

Цалингийн ялгаа эдийн засгийн салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн статус, зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгаа. Тухайлбал, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжсөн, цалин хөлс өндөртэй уул уурхай, барилга, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр ба агуулахын үйлчилгээ, мэдээлэл холбоо зэрэг салбарт эрэгтэйчүүд голлож, бөөний худалдаа, орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ, хүнсний салбарт эмэгтэйчүүд давамгайлж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн голлон ажиллаж байгаа бөөний болон жижиглэнгийн худалдаа, хүнсний салбар нь жижиг аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэлт ихтэй учир нийгмийн хамгааллын асуудлууд нь доголдолтой байгаа аж.

Мөн залуу болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажилд авахаас татгалзах, эмэгтэйчүүдийг эрт тэтгэвэрт гаргах явдал хавтгайрч байгаа нь аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн хариуцлага, жендэрийн соёлын талаарх мэдлэг дутмаг, ухамсар суугаагүйтэй  холбоотой. Хэдийгээр иймэрхүү саад бэрхшээл тулгарч байгаа ч эмэгтэйчүүдийн дунд хөдөлмөр эрхлэх сонирхол харьцангуй өндөр байгааг статистик мэдээлэл харуулж байна хэмээн сайдын илтгэлд дурдагдав. 



Гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, амьдралын чанар, эрүүл мэндийн асуудлыг жендэрийн өнцгөөс авч үзвэл, 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлд 1120 иргэн өртөсний 92.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5.5 дахин, хүчирхийлэл үйлдэх хандлага 3.6 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр гарчээ.

Монгол Улс дэлхий нийтийн жишиг, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн жендэрийн талаарх хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг зорьж яваа байгаа. Энэ хүрээнд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр 2017-2021”- ийг батлан дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. Үүнд
  • Тогтвортой хөгжил дэх жендэрийн эрх тэгш оролцоог дэмжиж, хөгжлийн үр шимээс эмэгтэй, эрэгтэй хүн тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэх;
  • Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг үндэсний, салбарын, орон нутгийн, байгууллагын түвшинд хөгжүүлэх;
  • Эмэгтэй, эрэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн бүх нийтийн жендэрийн боловсрол олгох арга хэмжээний сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг үндэсний хэмжээнд өрнүүлэх;
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бүтцийг үндэсний, салбарын, орон нутгийн, байгууллагын түвшинд боловсронгуй болгож, чадавхийг сайжруулах;
  • Жендэрт суурилсан хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх түүнээс түүнээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх;
  • Улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зэрэг орж байна.
Эдгээр зорилт хэрэгжсэнээр тогтвортой хөгжилд хүрэх төрийн бодлогын уялдаа холбоо сайжрах, салбаруудын бодлого жендэрийн мэдрэмжтэй болох, бүх аймаг, дүүрэг жендэрийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт байгуулагдах, жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөх, төрийн албан хаагчдын жендэрийн мэдрэмж, соёл, манлайлал дээшлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх, жендэрт суурилсан хүчирхийлэл буурах зэрэг эерэг үр дүн гарна хэмээн үзэж байгаа аж.

"Жендэр ба хөгжил” үндэсний чуулганаас зөвлөмж гаргах бөгөөд зөвлөмжийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар үүрэг хүлээгчдэд хүргэх зэрэг үр дүнг хүлээж байна. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news