Гадаад өрийг дарах талаар чармайх хэрэгтэйг иргэд сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 21:56:33

УИХ-ын гишүүн А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан Х.Баделхан нар орон нутагт ажиллалаа. Тэд аймгийн МАН-ын хорооны дарга Г.Солтан, орлогч дарга А.Гылымхан нартай хамт Өлгий сумын дөрөв, арван нэгдүгээр багийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Эрхэмүүд улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, орон нутгийн иргэдийн ахуй байдлын талаар баримт иш татан өргөн дэлгэр танилцууллаа. Эдийн засаг хэдийгээр хямралтай байгаа ч санаа сэтгэлээр унаж болохгүй, дахин сэргэх боломж бий гэдгийг тэд ярив. Тухайлбал төсөв, хөрөнгийг аль чухал ач холбогдол, үр өгөөжтэй зүйлд үнэнч шударгаар зүй зохицтой зарцуулах, тус аймгийн Дулаан харын баяжмалын үйлдвэрийн ажлыг сэргээх, Сагсай суманд баригдаад эхэлсэн цементийн үйлдвэрийг ашиглалтанд оруулах зэргээр эдийн засгийг өөд нь татаж болно гэв.

Уулзалтанд оролцсон иргэд 40,8 их наяд төгрөгийн гадаад өр, дотоод зээлийн өрийн үлдэгдэл 12,5 их наяд төгрөгийг нөхөн барагдуулах нь амаргүй даваа юм шүү, иймд дээдсүүд хамтран, авъяас билиг, хүч хөдөлмөрөө улс төрийн талцалд бус улс орон, ард олныхоо эрх ашгийн төлөө дайчлаач гэх зэргийг санал болголоо.

Ш.Айзаря

Related news