С. Амарсайхан:Шударга өрсөлдөөнд тулгуурласан бүтээлч санаачилгатай бизнес эрхлэгчдийг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилго бүхий “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Дөрөв дэх жилдээ болж буй энэхүү уулзалтыг НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулав. Энэ удаагийн уулзалт Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг чиглүүлэхээрээ онцлогтой гэдгийг зохион байгуулагчид онцлов. Уулзалтаар НЗДТГ-аас “Байшин үйлдвэрлэх комбинат “Эрэл компани”, “Сервис центр”, “Замын нөхөөс-Резинэн асфальт”, “Ухаалаг хот” төсөл болон Нийгмийн салбарын бүтээн байгуулалтуудаа танилцуулах юм.
2018 онд хөрөнгө оруулалтын орчинг боловсронгуй болгох, сурталчилгаа, мэдээллийг өргөтгөх, хотын дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр мэдэгдэхүйц үйл ажиллагааг өрнүүлэх жил болно гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд уулзалтын нээлтийн үеэр онцлов. Тэрбээр, “Агаарын бохирдлыг бууруулахад хувьсгал хэрэгтэй байгаа. Тиймээс энэ чиглэлд тодорхой шийдэлтэй, мэдэгдэхүйц үр дүнтэй ажил хийх болно. Улс, нийслэлийн төсвөөр хийх бүтээн байгуулалтын худалдан авах ажиллагааг холбогдох газар, дүүргийн ЗДТГ энэ оны гуравдугаар сард багтаан гүйцэтгэнэ. Улмаар дөрөвдүгээр сарын 01 гэхэд бүтээн байгуулалтыг эхлүүлэх болно. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд Улаанбаатар хот бол том боломж, сонголт юм. Нөгөө талаасаа амьдрах орчноо сайжруулахад иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоо туйлын чухал. Тиймээс 2018 оныг Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласан. Энэ чиглэлд төр, хувийн хэвшил, иргэд нягт хамран ажиллахыг уриалж байна” гэлээ.
Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн үндэс нь төрийн тогтвортой бодлого, хувийн хэвшлийн хүчин зүтгэл, хөдөлмөр юм. Тиймээс нийслэлийн удирдлагууд шударга өрсөлдөөнд тулгуурласан, зарчимч, бүтээлч, ажил хэрэгч санаачилга гаргаж буй бизнес эрхлэгчдийг дэмжих болно гэдгийг НИТХ-ын дарга С. Амарсайхан дурьдлаа. Мөн тэрбээр, “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлдэг байдлыг халах шаардлагатай. Нөгөөтэйгүүр улс оронд хэрэгцээтэй олон төсөл хөтөлбөрүүдийг төрийн байгууллага дангаараа хийнэ гэж зүтгэсээр хүч тарамдах асуудал байсан. Энэ бүх буруу жишгийг халж, зөв хандлага руу орох шаардлагатай. Эдийн засаг, шинжлэх ухааны нарийн тооцоо, судалгаатай, өндөр технологид суурилсан зөв бодлого шийдэл гаргаж, хувийн хэвшилтэйгээ харилцан үр ашигтай, хамтран ажиллана. Цаашдаа бид нэгдсэн бодлого, шийдвэртэйгээр хамтран ажиллах ёстой” хэмээв.
Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Засгийн газар Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/, тэтгэврийн насны нэмэгдлийг талаар ОУВС-тай хэлэлцээр байгуулж, амжилтад хүрснийг бизнес эрхлэгчидэд танилцуулав. Засгийн газраас энэ онд сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ажлын бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөж буйг Г.Занданшатар сайд дурьдаад энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг онцлов.
Уулзалт үргэлжилж байна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал