Амьдрах орчныг сайжруулах асуудлаар чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-01-24 15:04:44
Улаанбаатар/МОНЦАМЭ/ “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтаар “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн зорилтыг төр, хувийн хэвшлийнхэнтэй  хамтдаа шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ хэмээн Хотын дарга С.Батболд онцлов.

НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг дөрөв дэх жилдээ энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Хотын дарга С.Батболд хэлэхдээ, “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын онцлог нь хувийн хэвшил, бизнесийнхний хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг илүүтэй дэмжиж, Улаанбаатар хот хамтран ажиллаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд чиглэж байна. Мөн нийслэлд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын мэдээлэл, танилцуулга өгч, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд төрөөс дэмжлэг авч, хамтран хэрэгжүүлж болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм. Өөрөөр хэлбэл дан ганц компани хэрэгжүүлээд явахад санхүү, эдийн засгийн хувьд боломжгүй, хүртээмж, хэрэгцээний хувьд   Улаанбаатар хотын хамрахуйц далайцтай төслүүдийг төр, хувийн хэвшилд санал болгоно. Ингэснээр форум ажил хэрэгч болно гэж дүгнэж байна. Учир нь өнгөрсөн оны чуулга уулзалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагууд бодлого, зорилтоо бизнесийнхэнд танилцуулж, хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцсан. Энэ нь ч үр дүнгээ өгч, Улаанбаатар худалдааны танхим, нийслэлийн удирдлагын багийн хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн “Ногоон сан” ТББ-ыг хамтран байгуулж, Хас банкны санхүүжилтээр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ. Хотын зүгээс ч дэмжлэг үзүүлнэ. Төсвийн мөнгийг зөвхөн гар харан суух биш хувийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал. Гадаад зах зээлээс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг чармайж байна. Түүнчлэн мөн үеэр нийслэлийн харьяа агентлагууд үзэсгэлэн гаргаж, худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар гээд бүх чиглэлээр бизнесийнхэн болон аж ахуйн нэгжид мэдээлэл өгнө"гэлээ.

Улаанбаатар худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан “Энэ удаагийн бизнес уулзалтад тус танхим 5 ажил хэрэгч, томоохон төсөл танилцуулна. Агаар орчны бохирдолыг бууруулахад хамгийн чухал түлхэц өгөх   нүүрсийг шингэрүүлэн хий гаргах төслийг нэрлэж болно. Энэ төслийг 3 жилийн турш Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотод туршиж үзсэн. Үр дүн нь бодитой харагдаж байна. Гэхдээ дан ганц компани хэрэгжүүлээд явах боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож байгаа” гэдгийг хэллээ. Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт жилээс жилд ажил хэрэгч, бодит үр дүнгээ харуулсан чуулган болж байгаад Улаанбаатар худалдааны танхимынхан баяртай байна” хэмээн онцоллоо Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалтын логог тэнгэрийн цэнхэр, агаарын цагаан, модны ногоон, асч бадамлахын улаан өнгийг оруулж хийсэн өгснөөрөө онцлогтой. Энэ өнгө нь иргэдийн ажиллаж, амьдрах, бизнесээ эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж, агаар, хөрсний бохирдлын асуудалд онцгойлон анхаарсан жил байна гэдгийг илтгэж буй юм" хэмээв

Бизнес уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид оролцох аж.
Б.Заяа


Related news