Гурван байршилд зам хааж, шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-09 16:33:24

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд авто зам шинэчлэх ажлыг эхлүүлээд буй.


Энэ хүрээнд “Хөсөг трейд”-ийн уулзвараас зүүн тийш төмөр замын фризерийн зүүн тал хүртэлх замыг хааж, шинэчилнэ. Уг замыг өнөөдрийн 23:00 цагаас энэ сарын 11-ний 06:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийнэ. Мөн хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг цогц гудамж, зам болгон хөгжүүлэх төслийн хүрээнд Өндөр настангийн буудлаас Хүүхэд залуучуудын театр, 7 дугаар хорооноос 67 дугаар сургууль хэсгүүдэд зам хааж, цахилгааны шугам сүлжээний сэтэлгээний ажлыг хийж гүйцэтгэнэ.Энэхүү ажил өнөөдрийн 23:00 цагаас эхэлж,энэ сарын 10-ны 06:00 цагт дуусах юм.


Түүнчлэн Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд “Биг” худалдааны төвийн уулвзараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлт хийнэ. Ингэхдээ авто замыг энэ сарын 11-ний 23:00 цагт хааж, 8 дугаар сарын 14-ны 06:00 цагт нээх аж. Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.


Related news