Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-11 14:48:04

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.


Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэв. 


Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Одоогоор дулаан, цахилгаан хангамж, инженерийн дэд бүтэц, орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж буй юм.


Цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн шугам тоноглолын нийт 32 нэр төрлийн 98 ажил гүйцэтгэж байна. Урсгал засвараар 3387 шугам тоноглолд засварын ажлыг хуваарийн дагуу зохион байгуулсан. Харин дулаан хангамжийн хувьд 13.5 км дулааны гол шугам сүлжээг шинэчлэх, шугам тоноглолын их засвар, урсгал засвар зэрэг ажлын явц 60 гаруй хувьтай байна. Үүнд, “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн найман гол шугамын ажил 85 хувьтай, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шугам тоноглол, засварын ажлын явц 53 хувьтай, их засварын хоёр ажил дууссан. Улс, нийслэлийн найман ажлын явц 48 хувьтай байгаа бол хэрэглэгч, орон сууцны конторын засварын ажил 40 хувьтай хэрэгжиж байна. Мөн эрүүл мэндийн салбарт 92 нэр төрлийн төсөл хэрэгжүүлэхээс 65 нь дууссан бол 27 нь үргэлжилж буй аж.


Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов.


Түүнчлэн өнөөдрийн хурлаар Хүннү хотын үзэл баримтлал боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын талаар илтгэлийг сонсов.



Related news