Хан-Уул дүүрэг “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв” байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-17 13:42:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв” байгуулж, өнөөдөр нээлээ.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тотмол үйлчлүүлдэг байна. Тус төв төрийн үйлчилгээний мэдээлэл лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, наториат, кадастр, зурагчин, канон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, ТҮЦ машин зэрэг 10 гаруй  төрлийн үйлчилгээ хүргэдэг. Харин жишиг төв нь дээрх үйлчилгээнээс гадна бүх төрлийн даатгалын үйлчилгээг нэг дороос хүргэх юм. Олон хүн үйлчлүүлдэг тул ахмад настнуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр жишиг төвд даралтын аппарат байрлуулсан байна. Иргэд шаардлагатай тохиолдолд иргэд өөрсдөө даралтаа хэмжих боломжтой юм. Үүнээс гадна иргэдэд зориулан ухаалаг самбар байрлуулжээ. Энэхүү самбараар дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг харах боломжтойгоос гадна арим төрлийн бичиг баримтыг хэвлэн авах боломжтой юм.

Цаашид тус дүүргийн хүн ам ихтэй гурван хороог сонгон “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” байгуулах болжээ.
Ч.Ариунболд
Related news