Томуу, томуу төст өвчин буурч, эмнэлгүүдийн орны ачаалал багасчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-01-09 18:21:41
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 59 446 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 6 706 тохиолдол оношлогдсон бөгөөд энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байсан.

Тэгвэл өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 70 573 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 5 094 тохиолдол оношилжээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дунджаас 4.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 34.3 хувийг 0-1 нас, 28.1 хувийг 2-4 нас, 14.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлжээ.

Хүүхдийн түргэн тусламжийн 1327 дуудлага ирснээс 44.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.  Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны байдлаар, 2084 орон дээр 2368 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт орны ачаалал 13.6 хувиар нэмэгдэж, 70-80 хувь хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ.

Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдийн 2084 орон дээр 2135 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Нийт орны ачаалал 2.4 хувиар илүү байгаа бөгөөд 20-30 хувь хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм. Харьцуулсан судалгаанаас үзвэл, амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал тодорхой хувиар багассан үзүүлэлттэй байна.
Related news