Хотын дарга шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамжийн хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-28 11:57:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамжийн хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 01 хүртэл сунгалаа.
 
Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Тиймээс Нийслэлийн Засаг дарга Захирагч С.Батболд энэ оны нэгдүгээр сарын 9-нд А/17 дугаар захирамж гаргаж, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон юм. Тэрбээр энэхүү захирамжаа 2020 он хүртэл сунгах саналыг өчигдөр Засгийн газар хүргүүлсэн. Засгийн газар түүний саналыг зарчмын хувьд дэмжсэн тул өнөөдөр захирамж гаргасан байна.
Ч.Ариунболд
Related news