400 гаруй иргэн ҮОМШӨ-ий даатгалын сангаас тэтгэмж авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-14 23:23:48
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин /ҮОМШӨ/- ий даатгалын сангаас  тэтгэвэр, тэтгэмж авагч 440 гаруй иргэн байдаг аж.

Энэ сарын 13-ны өдөр “ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” чиглэлээрх сургалтыг тус аймгийн ЭМНДХ-ээс зохион байгууллаа. Сургалтад хувийн хэвшил, ААН, албан байгууллагуудын удирдлага, ажилтан албан хаагчид зэрэг 200 орчим хүн хамрагдсан байна. 

Хэнтий аймгийн хэмжээнд ҮОМШӨ-ний даатгалын сангаас 2017 онд:
·         Тахир дутуугийн 371 тэтгэвэр авагчдад 1827,5 сая төгрөг
·         Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 69 хүнд 267,1 сая төгрөг
·         Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 87 хүнд 330,6 сая төгрөг
·         Сувиллын зардалд 33 хүнд 10,7 сая төгрөг
·         ҮОМШӨ-ий улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлд 38,1 сая төгрөгийг олгожээ.

Үйлдвэрлэлийн ослыг багасгах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаар зохион байгуулалттай арга хэмжээ авсны дүнд ажил олгогч гурван жил дараалан тус сангаас төлбөр гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх шимтгэлийг 10 хувиар хөнгөлдөг байна. Энэ болзлыг үргэлжлүүлэн хангасан тохиолдол бүрт 10 хувь хөнгөлөх бөгөөд түүний дээд хэмжээ нь жилд төлөх шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй аж.

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдвал түүнд энэ даатгалд шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгодог. Үйлдвэрлэлийн ослын хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд таван сар, 31-50 хувьд долоон сар, 51-70 хувьд есөн сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгодог байна.
Д.Одонтунгалаг
Related news