Амжилтаараа түүчээлж буй шилдэг залуусыг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-12 16:48:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуучуудын холбоо, Залуу удирдагч сан хамтран  “Нийгэм, улс төр” болон “Эдийн засаг, бизнес”-ийн салбарт ажил хөдөлмөр, амжилтаараа түүчээлж буй шилдэг залуусыг тодруулах “Next Stop” ёслол хүндэтгэлийн ажиллагааг энэ сарын 30-нд зохион байгуулах болжээ.

25 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү ёслолын шилдэг залуусыг тодруулах ажиллагаа энэ сарын 01-нээс www.myf.mn цахим хуудсаар дамжуулан эхэлсэн байна. Тус сайтаар зочилсон иргэдийн зүгээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл, УИХ-ын дарга М.Энхболд, “Гацуурт групп”-ын захирал Л.Чинбат, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын 300 гаруй хүнийг нэр дэвшүүлжээ.

“Next Stop” ёслол хүндэтгэлийн ажиллагаанд 1992 оноос эдүгээг хүртэлх хугацаанд шилдэг залуугаар тодорсон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, УИХ-ын дарга М.Энхболд, БШСУ-ны сайд асан Л.Гантөмөр тэргүүтэй 30 эрхэм оролцоно.
Ч.Ариунболд
Related news