“Эрүүл хөрс, эрүүл ногоо, эрүүл хүн-2017” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-12 16:40:22
Хэнтий /МОНЦАМЭ/. Каритас Чех, ЖЭРЭС ОУБ болон “Хэнтийн ногоочдын нэгдсэн сүлжээ” /“ХЭННЭС”/ гишүүддээ үйлчилдэг ТББ-ын хамтын ажиллагаа, өөрийн нутгийн хөрсөнд ургасан ногоо, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийтэд таниулах, орон нутгийн бүтээгдэхүүн худалдан авалтыг дэмжих зорилгоор “Эрүүл хөрс, эрүүл ногоо, эрүүл хүн-2017” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр “ХЭННЭС” ГҮТББ-ын үйл ажиллагааны танилцуулгыг хийж, хүнсний ногооны ач холбогдлын талаар гарын авлага тараан, орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан, даршилж боловсруулсан бүтээгдэхүүний танилцуулга, дуудлага худалдаа болов.

Мөн иргэдэд даавуун тор тарааж, халуун чацарганаар үйлчилснээс гадна цэцэрлэгийн найм, ЕБС-ийн тав, эмнэлгийн дөрвөн тогоочийн хүнсний ногоогоор хийсэн амталгаат хоолны сурталчилгаа явууллаа. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд “Ногооны зах” жүжигчилсэн тоглолт, “Маша, баавгай” бүжиг зэрэг урлагийн тоглолт үзүүлсэн нь ирсэн олныг хөгжөөсөн юм. Урлагийн тоглолт үзүүлсэн хүүхэд багачуудад үзэсгэлэн худалдаанд оролцогчид, хамтран ажиллаж байгаа байгууллагуудаас гарын бэлэг гардууллаа.

“ХЭННЭС” ГҮТББ нь харилцаа хамтын ажиллагааны орон зайг бий болгон, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүн амын хүнсний ногооны хэрэгцээг ханган, Хэнтий аймгийн нийгэм эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Д.Одонтунгалаг
Related news