Хэнтий аймаг 58 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-12 16:22:56
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ИТХ-ын VI хуралдаан болж, “Орон нутгийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Ингэснээр Хэнтий аймаг ирэх онд нийтдээ 58,3 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллах болсон байна.

Тус хуралдаанаар ирэх онд Хэнтий аймгийн орон нутгийн суурь орлогыг 7117,3 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгийг 11810,0 сая төгрөг, ОНХСангийн орлогын шилжүүлгийг 3110,7 сая төгрөг, оны эхний үлдэгдлээс 551,8 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийг 35613,2 сая төгрөг, төсөвт байгууллагын өөрийн орлогыг 108,7 сая төгрөгөөр тус тус баталсан аж.
                                                      
УИХ-аас баталсан ирэх оны төсвийн тухай хуулиар орон нутгийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа баримтлах тодорхой чиглэлүүд өгчээ.

Сүүлийн жилүүдэд төсвийн хэмнэлтийн горимд шилжиж ажилласны дүнд орон нутгийн төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны зарим зардал хүрэлцэхгүй болж өр төлбөр үүсч байгааг харгалзан бараа үйлчилгээний зарим зардлыг нэмсэн байна.

Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгааг харгалзан 2013 оноос хойш анх удаа нийт 59.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардлын дэмжлэгийг орон нутгийн суурь зардалд тусгаж баталснаас Хэнтий аймагт 2,5 тэрбум төгрөг хуваарилсан байна.

Д.Одонтунгалаг
Related news