М.Мөнхмандах: Сенсаци хөөхөөс илүүтэй нийгэмд бодитой мэдээлэл өгөх нь чухал
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт олон талт хэлэлцүүлгээр сенсаци хөөхөөс илүүтэй нийгэмд үнэ бодитой мэдээлэл өгөх нь чухал гэдэгт төвлөрлөө.
Жендерт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулж, хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоог сайжруулах, энэ тохиолдлын талаар мэдээлж, сурвалжлахдаа мэргэжлийн сэтгүүлзүйн ёс зүйн зарчмуудыг баримтлахыг дэмжих зорилгоор дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсныг албаныхан дурдав.
Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах ярихдаа, "Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жендерийн асуудлаар мэдээлэл хүргэхдээ шуугиан сенсаци болгох тал бий. Нөгөө талаар санамсаргүйгээр хэвшмэл үг хэллэгээрээ нийгэмд сөрөг ойлголт түгээх явдал гардаг. Тухайлбал, эмэгтэйчүүд гадаад төрхөөрөө бусдын анхаарлыг татаж, өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж халдлагад өртсөн гэж бичих нь нийгэмд сөрөг явдал үүсгэдэг. Тиймээс сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийнхэн асуудалд маш хариуцлагатай хандах ёстой. Гол нь тухайн асуудалд шийдэл эрэх, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх нь чухал. Жендер болоод нийгмийн эмзэг асуудлуудыг буруу бичиглэлээс болж энгийнээр хүлээн авах нь хамгийн аюултай. Энэ утгаараа сэтгүүлчид уг асуудалд хариуцлагатай нягт, нямбай хандах ёстой" хэмээн тодотгосон юм.
Б.Заяа