“Санхүүгийн боловсрол” аян Хэнтий аймагт хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-05 12:12:02
Хэнтий /МОНЦАМЭ/. Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас зарласан “Санхүүгийн боловсрол” аян Хэнтий аймагт явагдаж байна.

Аяны хүрээнд Хэнтий аймаг дахь Монголбанкнаас сургуулийн насныхан, залуу үеийнхэн, хөдөө орон нутгийн иргэд гэсэн чиглэлд хүрч ажиллахаар төлөвлөжээ. Мөн цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан санхүүгийн боловсролын талаар иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Түүнчлэн орон нутгийн иргэдэд зориулсан санхүүгийн мэдлэг олгох 13 төрлийн гарын авлагыг сумдын ЕБС-ийн номын санд хүргүүлж, багш сурагчдад нь танилцуулга мэдээлэл хийжээ. Цаашид Насан туршийн боловсрол төвтэй хамтран Чингис хот, Бор-Өндөр сумдад сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус аян  2017 оны 10 дугаар сарын хоёрноос 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гурван сарын хугацаанд үргэлжлэх юм.

“Хэнтий аймагт нээлтээ хийн хэрэгжиж байгаа тус аянаар иргэдийг санхүүгийн үйлчилгээтэй холбоотой мэдлэг, мэдээллээр хангах, аливаа санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, оновчтой шийдвэр гаргадаг байх, хувийн болон өрхийн санхүүгээ удирдах зөв дадал, хэвшилтэй болгох зорилтыг дэвшүүлэн  ажиллаж байна” хэмээн Хэнтий аймаг дахь Монголбанкны захирал Т.Ган-Од ярилаа.

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй энэхүү аяны хүрээнд Монголбанк, БСШУСЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад хамтрагч байгууллагууд бүх нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран оролцох аж. 
Д.Одонтунгалаг
Related news