НҮБ-ын тавцанд Монгол Улсын байр суурийг хамгаална гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-28 18:13:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын боловсрол, спортын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй казах иргэдэд өнөөдөр БНКазУ-ын Соёл, спортын яамнаас Талархлын бичиг гардуулав.

БНКазУ-ын “Анхны Ерөнхийлөгчийн өдөр” ирэх сарын 01-нд тохионо. Мөн БНКазУ тунхагласны 26 жилийн ой ирэх сарын 16-нд тохиох юм. Уг ойг тохиолдуулан Монгол Улсын гавъяат тамирчин, Бодибилдингийн дэлхийн аварга Ж.Нурлан, Таеквондогийн дэлхийн хоёр удаагийн аварга К.Сеитхан, Гавъяат тамирчин, Улсын харцага О.Бахыт, Улсын начин Б.Серик, Монгол Улсаас Олимпийн наадамд оролцсон анхны казах тамирчин Р.Алданыш нарт Талархлын бичиг гардууллаа.



Энэ үеэр БНКазУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ж.Орынбай, “Анхны Ерөнхийлөгчийн өдөр” болон БНКазУ тунхагласны 26 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 17-нд Астана хотод Олон улсын парламентын бага хурал зохион байгуулсан. Энэхүү хуралд Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол, Казахстаны парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Мурат оролцсон нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлсэн алхам байлаа.

Манай улс Тусгаар тогтнолын 26 жилийн ойгоо олон амжилтаар угтаж байна. Казахстан Улс анх тусгаар тогтнолоо зарлах үед манай орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. Тухайн үед ард түмэн Нурсултан Назарбаевыг төрийн тэргүүнээрээ сонгож, эрх мэдлийн жолоогоо атгуулж байсан юм. Ерөнхийлөгчийн зүгээс улс орныхоо нөхцөл байдал, цаашдын хөгжлийг тодорхойлох зорилгоор “Казахстан-2030”, “Казахстан-2050” стратегийн хөтөлбөрүүдийг боловсруулсны үр дүнд эдийн засгаа 20 дахин өсгөж чадсан. Ингэснээр 2012 онд Дэлхийн эдийн засгийн өрсөлдөх чадвартай шилдэг 50 орны эгнээнд орсноос гадна Дэлхийн банкны “Doing Business” үзүүлэлтээр 35 дугаар байрт жагссан юм. Өнгөрсөн хугацаанд автомашин, вагон зүтгүүрийн 100 гаруй үйлдвэр байгуулж, 10 мянган км автозам, 2500 км төмөр зам барьлаа. Мөн “Баруун Европ-Баруун Хятад” тив хоорондын автозамын 2800 км нь Казахстаны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа.

Түүнчлэн гадаад харилцаагаа ч ихээхэн хөгжүүлж, НҮБ-ын хэд хэдэн байгууллагын салбарыг өөрийн оронд байгууллаа. Энэ онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж эхэлсэн. Ингэснээр Дундад Азийн орнууд тэр дундаа Монгол Улсын ашиг сонирхол, байр суурийг НҮБ-ын тавцанд хамгаалах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болох чиглэлд идэвхи санаачилга гарган ажиллаж байгаа. Манай улс ч үүнийг дэмждэг. Тиймээс энэ чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах болно” гэлээ.

Ч.Ариунболд
Related news