П.Чинбат: Бор-Өндөр уул уурхайн жишиг сум болж хөгжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-27 14:13:58
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн отгон сум болох Бор-Өндөр сум нь уул уурхай дагасан хот бөгөөд газарзүйн байршлын хувьд Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгийн зааг нутагт оршдог, говь хээрийн бүсэд хамаарагддаг, нийслэл Улаанбаатар хотоос 330 км, Хэнтий аймгийн төв Чингис хотоос 170 км-т оршдог. Тус суманд энэ жил хийгдсэн бүтээн байгуулалт болоод цаашдын хөгжлийн талаар Засаг дарга П.Чинбаттай хийсэн ярилцлагаа уншигч танд хүргэе.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танд ч гэсэн.

-Та орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Засаг даргын ажлыг хүлээж аваад жил орчим болж байна. Энэ хугацаанд ямар ямар асуудалд анхаарч ажиллав?

- Манай суманд орон нутгийн хөгжлийн сангаар 2017 онд нийтдээ 93,9 сая төгрөг тавигдсан. Энэ хөрөнгөөр ер нь урсгал шинжтэй ажлуудыг зохион байгуулж хийлээ. Нийт 5,6 км замынхаа хоёр км орчмынх нь эвдрэлийг тендер зарлан мэргэжлийн байгууллагаар засуулаад одоо хүлээж авч байна. Бор-Өндөр сум нийтдээ 1060 айлын 16 орон сууцны барилгатай. Эдгээр орон сууцыг хэсэгчилсэн байдлаар 2008, 2009 онд иргэдэд нь хувьчилж дууссан. Ингээд энэ орон сууцнуудын дундын өмчлөлийн дээврийн асуудал нэлээд хүндэрсэн. Одоогоор 58 айлын хоёр орон сууцны дээврийг иргэдийн оролцоог нь хангаад 30 орчим сая төгрөгөөр бүрэн шинэчлээд байна. Өмнө хийж бүтээсэн ажлуудыг эзэнжүүлэх, комисс томилж албан ёсоор хүлээлцүүлэх зэргээр өмчийн ажлуудыг нэг талд нь зохистойгоор шийдвэрлэж дуусч байна. Одоогоор хүлээгдэж байгаа асуудал байхгүй. Бор-Өндөр сумын гэрэлтүүлгийн асуудлыг 10 сая төгрөгөөр шийдвэрлэсэн байгаа. 8,4 сая төгрөгөнд 3, 4-р багийн хаягжилтын ажлыг бүрэн шийдсэн. Нэг ёсондоо сум маань нэгдсэн хаягжилттай, гэрэлтүүлэгтэй, замаа зассан, хоггүй тохилог байлгах талд ийнхүү анхаарч ажиллалаа. Ингээд бид 12-р сард хийсэн ажлаа сумынхаа иргэдэд тайлагнаж “Засаг дарга иргэдтэйгээ уулзах” өдөрлөг зохион байгуулах гэж байна.

-2017 онд хуваарилагдсан төсөв хэр хүрэлцээтэй байв?

- Энэ жил манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, Бор-Өндөр сум байгуулагдсаны таван жилийн ой тохиож байна. Иймээс 12 дугаар сарын 25-нд болох уурхайчдын баярт нэлээд ач холбогдол өгч, энэ үеэр сонин сэтгүүл хэвлэн хүргэж, иргэдтэйгээ уулзах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ер нь энэ онд өмнөх жилүүдийг бодвол асар бага хэмжээний зардал төсөвлөгдсөн. Дээрээс нь 93,9 сая төгрөг маань тодотголоор 64 сая болж багассан. Гэхдээ аймгийн удирдлагаас боломж нөхцлөөрөө дэмжиж, асуудлыг шийдээд явж байна. Гэхдээ төсвийн боломж нөхцөл амаргүй байна. Бид шалтаг ярих гэж гарч ирээгүй, шийдлийг олж, ажил хийх гэж гарч ирсэн учраас ажлуудаа ээлж дараатай явуулж байна. Ингэж гол гол бүтээн байгуулалтын шинжтэй ажлуудаа хийж амжуулаад байна даа. Ер нь миний гол баримталдаг зүйл бол хүний хөгжлөөр хөгжлийг хэмждэг юм шүү. Тэрнээс биш шилэн цонхтой байшин барьснаар хөгжил яригддаггүй юм байна гэж үзэж, нэлээд хэд хэдэн томоохон сургалтуудыг төвөөс аваад байна.

-Сумынхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааны тухайд?
 
-Бор-Өндөр сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан дараагийн нэг том ажил бол гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм. Энэ ч үүднээс 11 дүгээр сарын 6-нд манай сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан гурван цэцэрлэг, сургууль, эмнэлэг, МСҮТ болон иргэдийн хамтарсан ажлын хэсэг Солонгосын Тижен группийн урилгаар хоёр хотод дөрөв хоногийн албан ёсны айлчлал хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Өнгөрсөн хавар тавдугаар сард тэд Бор-Өндөр суманд ажиллаж, манай орчин нөхцөлтэй маш сайн танилцаад биднийг урьсан юм.

Ийнхүү Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил боломжийн хэмжээнд хэрэгжиж, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдаатай явж байна.  Иргэдийн санал санаачлага дээр тулгуурласан орон нутгийн хөгжлийн сангийн бодлого төлөвлөлтийг 2018 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Шаардлагатай ажлуудыг л гол болгож тавина, нэг үгээр иргэдээрээ эрэмбэлүүлнэ гэсэн үг.

-Тэгвэл ирэх онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд юу байх вэ?

-Бид 11-р сард төсвийн асуудлаа хэлэлцэнэ. Нэлээд хэдэн жил яригдсан Дорноговь аймгийн Даланжаргалан сум-Бор-Өндөр сум хоорондох 45 км замын техник эдийн засгийн үндэслэл, зардлын асуудлыг тал талд нь судалж үзээд, холбогдох байгууллагуудад албан ёсоор тавиад байна. Бидэнд нааштай хариу өгч байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймаг, сумын Засаг дарга нарын мөрийн хөтөлбөр гэсэн 3 шатны бодлогын баримт бичигт энэ замын асуудал тусгагдсан байдаг. Манай Бор-Өндөрчүүдийн гол хүсэл бол энэ. Зөвхөн Бор-Өндөрчүүдийн асуудлыг шийдээд зогсохгүй Хан Хэнтий нутгийн ард зоныг Монгол Улсын геополитикийн шинж чанартай босоо тэнхлэгийн замтай холбох гүүр нь байгаа юм. Оростой ч тэр, Хятадтай ч тэр холбох ач холбогдол бүхий зам юм шүү дээ. Тиймээс бидний зүгээс эцсийн дүнд цэг тавих хүртэл нь маш сайн хөөцөлдөх болно.

Хоёрдугаарт, манай Соёлын төвийн асуудал байдаг. Манайх чинь том соёлын төвтэй газар, таван хүний орон тоотой. 2008 онд Уулын баяжуулах үйлдвэрээс хүлээж авснаас хойш томоохон засвар үйлчилгээ хийгдээгүй, нэлээд хэмжээгээр элэгдэлд орчихсон байдалтай байна. Мэргэжлийн байгууллагуудаас гарсан дүгнэлтийн үндсэн дээр 480 орчим сая төгрөгийн засварын асуудлыг УИХ-ын гишүүнээрээ дамжуулж, Сангийн Яаманд хүргүүлээд байна.

Дараагийн нэг асуудал бол дээр өгүүлсэн орон сууцны 16 байшин дээр нэмэгдээд нийтийн найман байшин буюу нийт 20 гаруй байшингийн дээврийн асуудал байна. Засварын төсвийг нь гаргаад үзэхэд нэг байшинд 36 сая орчим төгрөгийн төсөвт өртөг гарч байгаа. Энэ тооцоо судалгааг гаргаад бас хүргүүлээд байна.

-Бор-Өндөр суманд 30 мегаваттын нарны цахилгаан станц байгуулах төсөл ирэх оноос хэрэгжинэ гэж сонссон?

-Манай сумын цахилгааны дэд станц 32 мегаваттын хүчин чадалтай. Ирэх оноос Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотыг эндээс цахилгаанаар хангана. Дээрээс нь төлөвлөгөөгөөр Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний Яамнаас төсөл зарласан юм байна лээ. Төв аймгийн Борнуур, Улаанбаатар хотын Багахангай дүүрэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр гэсэн гурван газраас Бор-Өндөрийг сонгоод 30 мегаваттын нарны цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлийг нь албан ёсоор ирүүлээд байна. Ингээд 30 мегаваттын нарны цахилгаан станц баригдвал Бор-Өндөр сум өөрөө цахилгааны найдвартай эх үүсвэртэй болно. Бидний хэтийн төлөв бол мэдээж энэ том төмрийн хүдрийн орд байна. Улс орны эдийн засаг сайжраад хүнд үйлдвэрлэл рүүгээ анхаарч эхэлбэл энд төмрийн хүдэр боловсруулах хүнд үйлдвэр байгуулах хэтийн зорилттой байна. Иймээс Бор-Өндөр бол мал аж ахуй хөгжсөн биш уул уурхайд түшиглэсэн, 8600 орчим хүн амтай, албан бус тоогоор механик өсөлтөөр 10-11 мянган хүн ам амьдарч байна. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж тэр чинээгээр хүндэрч байна. Бид монгол хүнд хаана ч байсан үйлчлэх үүргээ биелүүлж, иргэдийг аюулгүй амар тайван тухтай орчинд ажиллаж, амьдруулахын төлөө ажиллаж байна. Бор-Өндөрийн хөгжил бол уул уурхайн жишиг болох чиглэл рүү явна. Бид саяхан олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлага төсөл хэрэгжүүлээд, Бор-Өндөрийг тойрсон нийтдээ зургаан уурхайн ажлыг нэгтгээд дээрх төсөлд хамруулсан. Энэ төсөлд улсын хэмжээнд дөрвөн сум суурин хамрагдаж байгаагийн нэг нь болсон. Төслийн үр дүн 12 дугаар сард гарна.

Бид ийнхүү гэрэл гэгээтэй юмыг ярина, хийнэ. Өнөөдрийн бэрхшээлийг маргаашийн зорилт, хүсэл тэмүүллээр даван гарна.  Иймээс худал амлалт, биелэгдэшгүй мөрөөдлийг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаагүй, өөр бодлогын баримт бичигт ч байхгүй гэдгийг хэлье.
Д.Одонтунгалаг
Related news