“Төрөлх нутагтаа бид” сэдэвт илтгэлийн уралдааны шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-15 21:08:55
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан “Төрөлх нутагтаа бид” сэдэвт илтгэлийн уралдааны шилгүүд тодорч шагналаа гардлаа.
Аймгийн Засаг даргын нэрэмжит энэхүү илтгэлийн уралдаанд Хэрлэн сумаас 22, Батноров сумаас нэг, Өлзийт тосгоноос нэг, Биндэр сумаас дөрөв, Бэрх тосгоноос дөрвөн илтгэл тус тус ирүүлжээ.

Уралдаан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад судалгаа шинжилгээний ажилд суралцах боломж олгох, илтгэх урлагийн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн идэвх, орон нутгаа гэсэн хүсэл, сонирхол, хандлагыг нэмэгдүүлэх, орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх, шинэлэг санал, санаачлагыг дэвшүүлэх гол зорилгын дор явагдсан аж.

Илтгэлийг хоёр шаттай зохион байгуулж, шүүгчдээр Хэнтий аймгийн БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг, ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хөгжлийн боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Уянга, БСУГ-ын физик, технологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Я.Батбилэг, Байгалийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Түмэнжаргал, ИТХ-ын Нийгмийн бодлого хариуцсан ажилтан Л.Мөнхбаатар нар ажиллажээ.
Уралдааны нэгдүгээр шатнаас шилдэг таван илтгэл шалгарч хоёрдугаар шатанд оролцсоноос Тэргүүн байранд Хан Хэнтий цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Г.Нандинцэцэг, Б.Сайхантуяа нарын “Ус бидний ирээдүй” сэдэвт илтгэл, дэд байранд Батноров сумын сургуулийн 12б ангийн сурагч М.Бямбасүрэнгийн “Хог хаягдлыг дахин боловсруулах арга” илтгэл, гуравдугаар байранд Бэрх хотын сургуулийн 12б ангийн сурагч Б.Есөнтөмөрийн “Бэрх хотоо нутгийн дайтай нутаг. Сумын дайтай сум. Хотын дайтай хот болгон хөгжүүлье” илтгэлүүд тус тус шалгарчээ.

Шагналыг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан гардуулан өгч, аймаг орноо хөгжүүлэхийн төлөө сэтгэл оюун ухаанаа уралдуулсан нийт хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүслээ.
Д.Одонтунгалаг
Related news