Хэнтий аймаг “Гэр бүлийн хөгжлийн өдөр”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-13 22:12:13
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн бямба гарагийг тус аймгийн хэмжээнд “Гэр бүлийн хөгжлийн өдөр” болгохоор тогтлоо. 

Тэргүүлэгчид тус аймагт зохиогдсон "Миний гэр бүл" хүүхдийн чуулганаас гарсан "Гэр бүлдээ хүүхэд жаргалтай" уриалгыг дэмжиж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Энэ хүрээнд аймаг, сум, баг, байгууллагын удирдлагуудад тодорхой төлөвлөгөө, судалгаатайгаар ажил зохион байгуулж байхыг үүрэгжүүлэв.

Түүнчлэн тус аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааныг ирэх сарын нэгний өдөр хуралдуулахаар товложээ. Мөн Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Хэнтий аймгийн төвд зохион байгуулахаар товлож, зардлыг баталсан байна.
Д.Одонтунгалаг

Related news