Архивын тасаг цэцэрлэгийн зориулалттай барилгад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-13 21:34:54
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Архивын тасгийн барилга нь архивын баримтыг хадгалах орчин шаардлага хангахгүй байгаагаас үүдэн хүндрэлтэй асуудлууд тулгарсаар байна.

Тухайлбал, сан хөмрөгийн хадгалах өрөө нь халуун, хоёрдугаар давхартаа байрладаг нь стандарт зөрчиж байна. Цаасан материал маш хүнд, барилга модон шалтай учраас цөмрөх, нурах аюултай аж. Дүрэм журмандаа архивын имй материалууд нэгдүгээр давхарт байрлах ёстой гэнэ. Мөн өрөөний зохион байгуулалт тохирохгүй, хадгалалтын шүүгээ, тавиур дутмагаас зарим архивын материалууд шалан дээр байж байх жишээтэй байна. 

Үндэсний архивын газраас 2003 онд гаргасан төрийн архивын ажлын үндсэн зааварт тусгагдсанаар Архивын баримтын хадгалалт, хамгаалалтыг хангах зорилгоор
- Зориулалтын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах;
- Нарны гэрлээс хамгаалах, гэрэлтүүлгийн горимыг сахих;
- Дулаан, чийглэгийн хэмжээг тохируулах;
- Ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг дагаж мөрдөх;
- Баримтыг хорт хий, тоос шороо, хөгц, төрөл бүрийн бичил биетнээс хамгаалах,
- Гал усны болон гэнэтийн болзошгүй аюулаас сэргийлэх ёстойг тус тус дурджээ. Гэсэн ч дээрх заавар журам Хэнтий аймгийн архивын тасагт хэрэгжихгүй олон жилийн нүүр үзэж байгааг үе үеийн холбогдох удирдлагууд анхааралдаа авах шаардлагатай байна.

Архивын барилга бариулах зардлыг төрөөс санхүүжүүлэх ёстой бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх замаар архивын барилга бариулж боломжууд байгааг холбогдох газрынхан хэлж байна. 

Хэнтий аймгийн архивын барилга 1978 онд анх хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар баригдсан, 1992 онд Орон нутгийн төрийн өмчийн тогтоолоор хувьчлагдаж, “Хэнтий эм” хангамж ХХК-тай барилгыг хувааж авчээ. Улмаар тус барилгад урсгал засвар хийж тохижуулан төрийн ажил үйлчилгээг өнөөг хүртэл явуулж байна.
Д.Одонтунгалаг
Related news