Бэрхийн уугуул С.Жиенхаан Азийн аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-13 15:47:16
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Бэрх хотын арван жилийн сургуулийн 2000 оны төгсөгч аймгийн арслан С.Жиенхаан Япон улсад зохион байгуулагдсан Jiu Jitsu /жюүжицү/ бөхийн 2017 оны Азийн аварга болжээ. Энэхүү тэмцээнээс Монголын жюүжицүгийн холбооны баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм.
Аймгийн арслан С.Жиенхаан нь Хэнтий аймгийн Бэрх хотод 1982 онд төрсөн бөгөөд өдгөө Дорноговь аймгийн Чөлөөт бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байна.

Тэрбээр 2001 онд Бэрх хотод түрүүлж сумын заан, 2003 онд  Дорноговь аймагт тав давж аймгийн начин, 2011 онд Хэнтий аймагт зургаа давж аймгийн заан, 2016 онд Дорноговь аймагт түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн билээ.

Хөдөө, аж ахуйн их сургуулийн нягтлах бодох бүртгэл, бизнесийн удирдлагаар мэргэжил эзэмшсэн тэрбээр самбо, жүдо, жюүжицү бөхөөр хичээллэдэг. 2001, 2002 онд самбо бөхийн улсын аваргын мөнгө, хүрэл медаль, 2016, 2017 онд жюүжицү бөхийн улсын аварга, 2016, 2017 онд Жүдо бөхийн мастерийн хүрэл медаль хүртэж байсан. Биеийн тамирын тэргүүний ажилтан, Спортын дэд мастер цолтой аж.

“Жюүжицү” нь уян хатны урлаг буюу утгачлан орчуулбал “жюү” нь уян хатан “жицү” нь урлаг, арга зам гэсэн утгатай ажээ.
Д.Одонтунгалаг
 
Related news