Хотын дарга С.Батболд ИКЛЕЙ-ийн Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр сонгогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-02 15:37:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын дарга С.Батболд ИКЛЕЙ /ICLEI/ олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр 2018-2021 онд ажиллахаар сонгогджээ.

Улс орнуудын хотын захиргааг нэгтгэх тус байгууллагад 86 улсын 1227 хот гишүүнээр элссэн байна. Тодруулбал тус байгууллага 17 бүсийн нарийн бичгийн дарга нараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд төв нь ХБНГУ-ын Бонн хотод, Зүүн Азийн төв нь Сөүл хотод байдаг.

ИКЛЕЙ Зүүн Азийн удирдах хороонд Япон улсын Киото хотын захирагч Дайсаку Кадокава, БНСУ-ын Сувон хотын захирагч Ём Тай-Ен, БНСУ-ын Сөүл хотын захирагчийн орлогч Лиу Гюн-гээ, Тайваны Шинэ Тайпэй хотын захирагчийн орлогч Чен Шен-Хсен нар  сонгогдсон байна.

Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаа нь чиглэдэг тус байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн төслүүд хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд эдгээр нь нийслэл хотын тулгамдсан асуудал орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ.

Б.Заяа
Related news