Шуудангийн “шуурхай Энхээ”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-31 23:30:42
Хэнтий /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутагт шууданчийн үүргийг шуурхай гүйцэтгэн ажилладаг, байгууллагынхаа шилдэг ажилтан Хэнтий аймгийн Баян-Овоо сумын шууданч Н.Энхсайхан бүсгүйн тухай сурвалжиллаа.

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дансранбилэгийн Догсом, Азийн Буддистуудын Энхтайваны бага хурлын анхны Ерөнхийлөгч, номч мэргэн, гавж Самаагийн Гомбожав гээд олон алдартны хүй цөглөсөн өлгий Баян-Овоо нутагт бахархах зүйл дэндүү олон. Эгэл олон дундаа Шуудангийн “шуурхай Энхээ” хэмээн нэрлэгдсэн Нямдоржийн Энхсайхан гэх энэ бүсгүй Баян-Овоочуудын бас нэгэн бахархал нь яахын аргагүй мөн юм.

Малчин түмний энэ цагийн төлөөлөл, Баян-Овоо сумын уугуул Ц.Нямдорж, Ж.Дэжид нарын голомтонд төрж өссөн Н.Энхсайхан Улаанбаатар хотын 65-р сургуулиыг төгсчээ. Бага залуу наснаасаа ном эрдэм, бичиг соёлд сонирхолтой тэрбээр нийслэлд бичээчийн 3 сарын курс төгсөн, ажил амьдралынхаа гарааг төрөлх Баян-Овоо сумаасаа эхэлсэн гэдэг. Сумын Засаг даргын Тамгын газарт бичиг хэргийн эрхлэгч, ЕБС-ийн бичээч, номын санчаар ажиллаж байсан түүний хувьд Шуудан холбооны газарт 2010 оноос ажиллах болж, одоог хүртэл Баян-Овоо сумын шууданчаар ажиллаж байна.

Багаасаа зарчимч, нямбай зантай Н.Энхсайхан ирсэн бичиг, сонин сэтгүүлийг цаг алдалгүй хүргэж, заавал эзнийх нь гарт өгдөг. Түүнээс сонин сэтгүүл гуйгаад нэмэргүй. "Бусдын сонин сэтгүүлийг хүнд өгнө гэж ёстой байхгүй" хэмээн нутгийн олон нь анддаггүй  тийм л ажилдаа нягт, шударга нэгэн. Долоо хоногт хоёр удаа ирдэг шуудангаа хүлээж, ирсэн ном сэтгүүлийг бүгдийг нь уншиж дуусгаад амардаг энэ эмэгтэй оюунлаг, гэгээн үйлсээрээ үргэлж бахархаж явдаг. Сонин сэтгүүлээ цаг алдалгүй эзнийх нь гарт  хүргэж, “Баярлалаа” гэдэг үгээр ажил амьдралынхаа эрч хүч, урам зоригийг хөглөн инээмсэглэн алхах түүнээс авах үлгэр, сурах барил олон юм.
Баян-Овоо суманд хамгийн олон захиалагчтай нь “Хэнтийн мэдээ” сонин, “Хүмүүн бичиг” сонин, ТV ZONE сэтгүүл зэрэг хэвлэлүүд байдаг аж. Тодруулбал Монгол Улсын хэмжээнд үндэсний босоо бичгээр хэвлэгддэг цор ганц сонин болох “Хүмүүн бичиг сонин энэ оны дөрөвдүгээр улирлын байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд 270 ширхэг захиалагдсан бол 17 ширхэг нь тус суманд хүргэгддэг байна.
 
Н.Энхсайханы хань М.Намсрай гарын ур дүйтэй дархан хүн. Ханьдаа түшиг болж, үр хүүхэддээ сайн эцэг болсон эр. Харин Том хүү Н.Одбаяр нь цэргийн албаа хааж, барилгачин болжээ. Удаах охин Н.Одмаа Тэмүүжин цогцолбор сургуулийн 12-р ангид суралцдаг. Бага хүү Н.Одгэрэл нь сумынхаа ЕБС-ийн 8-р ангид суралцдаг ажээ. Угийн хөдөлмөрч хүмүүжилтэй энэ айл хашаандаа олон төрлийн жимс жимсгэнэ тариалж, бусдын жишгээр эгэл даруухан амьдардаг юм билээ.  

Ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн шууданч маань 2015 онд “Хэнтийн мэдээ” сониноос зарласан “Оюунлаг сумын Овсгоотой шууданч” уралдаанд тэргүүлж байжээ. Тиймдээ ч Баян-Овоо сумынхан уншигч захиалагчдынхаа тоогоор тэргүүн эгнээнд явдаг оюунлаг зон олон хэмээн нэрлэгддэг.

Улсдаа 20 гаруй жил зүтгэж яваа  тэрбээр энгэртээ зүүсэн гавъяа бага ч эгэл олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн Хэнтий аймгийн шилдэг шууданчдын тодхон төлөөлөл  юм.
Д.Одонтунгалаг
Related news