Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл ажлаа эрчимжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-31 22:47:04
Хэнтий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөл 2016 онд бүтцээ шинэчилж, 199 тэргүүлэгч, 9 дэд даргатайгаар ажиллах болсноор үйл ажиллагаа нь эрчимжсээр байна.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, сумдын Нутгийн зөвлөл, тус аймгийн 18 сум, дөрвөн тосгоны Засаг дарга нар хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд “Эмнэлгүүд таны төлөө” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд Тайваний худалдааны газрын тусламжтайгаар энэ сараас эхлэн бүх сумын эмнэлгийн нэг өрөөг тохижуулах юм.

Мөн энэ сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн БСУГ-тай хамтран “Боловсрол хөгжлийн хөтөч” зөвлөлгөөнийг Чингис хотод зохион байгуулсан бол ирэх сарын 25-ны өдөр Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хөгжлийн чуулган болно. Чуулганы үеэр Тэргүүлэгчид хийсэн ажлаа сурталчлан, цаашид хийх ажлын талаар санал бодлоо солилцон, бизнес эрхлэгчдээ дэмжих, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг нэг өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс бүс нутгийн аймгуудад хамтран ажиллах санал тавьсны дагуу Зүүн бүсийн хэмжээнд дэд бүтэц, зам харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар  “Зүүн бүс нутгийн хөгжлийн сан” байгуулагдаад байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд ирэх 11 дүгээр сарын 10-ны өдөр эдгээр аймгуудын бизнес эрхлэгчдийн VIP 50:50 бизнес уулзалтыг зохион байгуулах юм.
 Д.Одонтунгалаг
Related news