Хотын хүндэтгэлийн хаалганаас 100 метрийн зайд ШТС байх нь зөв үү?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-30 10:39:39
Хэнтий /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Хэнтийн сошиал хэрэглэгчдийн дунд нэлээд хурцаар тавигдаад буй нэг асуудал бол Чингис хот руу орох  “Их Эзэн Чингис хааны өлгий нутаг” хүндэтгэлийн хаалганаас 100 метрийн зайд баригдаж буй “Ихэр наран” ХХК-ийн эзэмшлийн Шатахуун Түгээх Станцын барилга юм. Олон нийт энэхүү барилгыг хууль зөрчин баригдаж буй, байршлын хувьд нүдээ олоогүй гэх мэтээр буруушааж, үнэн худал нь үл мэдэгдэх олон талын таамаг өнөөдрийг хүртэл хөвөрсөөр байгаа юм. Иймд энэ асуудлын үнэн зөв, бодит байдлыг тодруулахаар асуудлын мөрөөр сурвалжиллаа.  
 
М.ЧИНБАТ: Чингис хотын ёслолын хаалганы хажууд бензин түгээгүүр байгуулж байна. Зөв үү?
   Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн иргэн М.Чинбат 2017 оны  9-р сарын 24-ний 13 цаг 39 минутанд  фэйсбүүк орчинд \Facebook: Chinbaa Chinbaa\ анх өөрийн үзэл бодлоо ийнхүү илэрхийлэв.

  “Их хааны өлгий нутгийн иргэд олон түмэн минь энэ юу болж байна вэ, сайн хар даа энэ зурагнуудыг. Чингис хотын ёслолын хаалганы хажууд бензин түгээгүүр байгуулж байна. Зөв үү. Гадна дотны айлчин гийчид энэ түүхэн хаалгыг минь шүтэн биширч үзэж сонирхохдоо заавал колонктой хамт харах ёстой юу. Хэн гээч албан тушаалтан нь хэдэн төгрөгийн хахууль аван биднийг түүх соёлыг, нутаг орныг минь гутаан доромжилж, энэхүү ШТС-ыг бариулах эрх, газрыг нь шийдвэрлэж өгөв өө. Манай аймагт ШТС мундаагүй зөндөө байна. Тэр тусмаа хаалганы хажуудах газраас өөр газар олдохгүй байна уу? Уг нь газар нутгийн харъяалал хилийн дээс заагаар бодоход Мөрөн сум олгосон байх ч аймгийн засаг дарга гээч зассан малаас долоон дор нэг худалч, хулгайч нөхөр мэдэж олгосон, Мөрөнгийн засаг даргад үүрэгдсэн байх. Энэ бусармаг хулгайн үйлдлээ нутгийн унаган хүүгийн, сумын хурлын төлөөлөгчийн хувиар нэн даруй зогсоож газар, зөвшөөрөл олгосон этгээдийг нийтэд зарлан шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Уг ШТС-ын барилгыг байгуулах ажлыг нутгийн иргэд эсэргүүцэж тэмцэнэ гэдэгт итгэж байна. Бид ийм л хүмүүсийг сонгож удирдуулж байна шүү дээ. Бид ингээд хүлцэнгүй хараад л суух уу? Босож сэрж тэмцэх цаг ирж, салхи эргэж байна. Хэвлэл мэдээллийнхэн мэдсээр байж чих нь дүлийрч нүд нь сохорчээ”

Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Иргэн М.Чинбат олон нийтэд ташаа мэдээлэл тараасан
     Иргэн М.Чинбатын фэйсбүүк орчинд илэрхийлсэн сэтгэгдэлтэй холбогдуулан  Хэнтий аймгийн ЗДТГ-аас 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр иргэдэд албан ёсны мэдэгдэл хийв. Ингэхдээ фэйсбүүк орчинд \Хэнтий  аймаг Миний нутаг\ тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ доорх мэдэгдлийг дүрс бичлэгээр олон нийтэд хүргэлээ. 

      “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Иргэн М.Чинбат олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүкээр аймгийн удирдлагуудыг Чингис хотруу орох хаалганы дэргэд баригдаж байгаа колонкийн газрыг өгсөн мэтээр буруу мэдээлэл өгсөн байна. Мөн 2016 оны 7-р сарын 9-нд аймгийн наадам болж, тухайн наадмаар Хэнтий аймгийн одоогийн удирдлагууд байсан мэтээр буруу мэдээлэл өгсөн. 2016 оны 7-р сарын 8-нд Мөрөн сумын Засаг дарга руу тухайн газрыг өгүүлэх чиглэл өгсөн гэсэн гурав дахь ташаа мэдээллийг өгсөн. Тийм учраас тайлбар хийж байна.
Нэгдүгээрт:  2016 оны 7-р сарын 8-нд Мөрөн сумын Засаг даргын захирамжаар тухайн үеийн Засаг дарга Ж.Гэрэлчулуун Чингис хотын хаалганы зүүн хойд талд 1500м2 газрыг Хэнтий аймгийн ИТХ-ын 2016 оны 1-р сарын 26-ны өдрийн 7-р тогтоолын 4-р хавсралтыг үндэслэн олгосон байгаа. Тухайн үед аймгийн ИТХ-ын даргаар С.Пүрэвжав, Засаг даргаар Ж.Оюунбаатар нар ажиллаж байсан. Тийм учраас одоогийн аймгийн удирдлагууд тухайн газартай ямар ч холбоогүй юм.
Хоёрдугаарт:   2016 оны 7-р сарын 8,9-нд Хэнтий аймгийн Засаг дарга томилогдоогүй байсан. Аймгийн Засаг дарга Н.Ганбямба 7-р сарын 23-нд ажлаа хүлээн авсан учраас тухайн үед аймгийн Засаг даргаар Ж.Оюунбаатар ажиллаж байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. ШТС-ын газрын зөвшөөрлийн тухайд, 2007 онд нэг, 2012-2016 оны хооронд 10 колонкийн газрыг Хэрлэн, Мөрөн, Баянхутаг сумдад олгосон байдаг. Ер нь ШТС-аар шатахуун түгээх зөвшөөрлийг Газрын тосны газраас олгодог. Аймгийн удирдлагууд өгдөггүй. Иймд  цаашдаа иргэд маань буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарааж, хэн нэгнийг гүтгэх, цуу тараах, доромжлох нь хуультай гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн 6.21-д зааснаар энэ тохиолдолд 2000 нэгж буюу 2 сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай байдаг. Иргэд олон нийтийн сүлжээг ашиглахдаа зөв боловсон, соёлтой хэрэглэж, баталгаатай, үнэн зөв мэдээллийг  олон нийтийн сүлжээнд тавьж байхыг хүсэж байн гэсэн байна.
 
ХЭНТИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ШТС-ЫН ЗОРИУЛАЛТААР ЦААШДАА ГАЗАР ОЛГОХГҮЙ ГЭВ

      Хэнтий аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан С.Оюун-Эрдэнэ өөрийн нүүр номондоо \facebook: Хэнтий аймаг Миний нутаг\ “Хэнтий аймгийн одоогийн удирдлагууд тус аймгийн хэмжээнд нэг ч ШТС-ын газар олгоогүй” гэсэн мэдээг нийтэлжээ. Цаашдаа ч бүтээн байгуулалт, түүхэн цогцолбор газрууд, иргэдэд амар тайван амьдрахад төвөг болохоор бүсүүдэд зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурьтай байгаагаа Засаг дарга Н.Ганбямба мэдэгдсэн гэнэ.

Мөн сумдын удирдлагууд, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт дээрх чиглэлийг өгсөн бөгөөд Газрын тосны газарт энэ асуудлаар санал хүргүүлэхээр ажиллаж байна гэв. “Тиймээс энэхүү замбараагүй олгогдсон ШТС-ын газрын асуудалд одоогийн удирдлагууд огт оролцоогүй бөгөөд харин ч зөрчилтэй газруудад арга хэмжээ авах, нүүлгэн шилжүүлэх, ажлыг зогсоох тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна” хэмээн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

 
Х.МӨНХБАЯР: Их хотын хөгжлийг хүндэтгэлийн хаалгатайгаа холбож яагаад болохгүй гэж

Хэнтий аймгийн харъяат, “Ихэр наран” ХХК-ийн захирал Х.Мөнхбаяраас бид дараах тодруулгыг авлаа.

-Чингис хотруу орох “Их Эзэн Чингис хааны өлгий нутаг” хүндэтгэлийн хаалганы хажууд баригдаж эхэлсэн танай компанийн ШТС-ын зориулалттай  барилга олны хэл амыг нэлээд дагуулаад байна. Энэ барилга үнэхээр хууль зөрчин баригдаж байна уу? Энэ асуудалд хариулт өгч, өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?
- Манай “Ихэр наран” ХХК 2002 онд байгуулагдаж, 2006 онд “Ар горхи” ХХК-ийн эзэмшилд байсан аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх ШТС-ыг худалдан авч, “Наран” ШТС-ыг байгуулан ажиллуулж эхэлсэн. Мөн Батноров суманд манай нэг салбар үйл ажиллагаа явуулж байна. Чингис хотруу орох Хүндэтгэлийн хаалганы дэргэд баригдаж буй ШТС бол манай гурав дахь салбар юм. Энэ салбарын барилга, байршлын тухайд хүмүүс янз бүрээр хэлж, ярьж байгааг би сонссон. Манайх хууль дүрэм зөрчиж, ШТС бариад байгаа хэрэг биш юм. Миний хувьд хэл ам хийгээд байгаа хүн бүрт тайлбар хийгээд явах зав ч байсангүй. Бид анх 2016 оны 2-р сард Мөрөн сумын захиргаанд ШТС барих газар хүссэн хүсэлтээ өгсөн. Харин 2016 оны 6-р сард энэхүү 1500м2 газрын дуудлага худалдаа болж, нэг иргэнтэй өрсөлдөж, манайх авсан юм.
Газар эзэмшүүлэх Мөрөн сумын Засаг даргын захирамж 2016 оны 7-р сарын 8-ны өдөр гарсан байдаг. Харин барилгын ажил хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн эхэлж чадахгүй явсаар энэ намар эхлээд явж байна.

- Иргэд танай ШТС-ын барилгыг Мөрөн сумын Засаг даргын захирамжинд заагдсан газраас өөр байрлалд баригдаж байна гэж яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Манайх хууль зөрчиж, дур мэдэн барилга барих эрхгүй. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Манайх анх хаалганы баруун хойд талдаа гэж саналаа өгсөн байсан. Яг заагдсан газар нь хаалганаас 75 метрийн зайд, хаалганы баруун хойд талд олгогдох байсан юм. Харин Мөрөн сумын захиргаа хаалганаас 100 метрээс гадагш хаалганы зүүн хойно барь гэсэн шаардлага тавьсан тул бид шаардлагыг хүлээн авч, ийнхүү барилгаа барьж байна.

-Танайх ШТС-аас өөр нэмэлт үйлчилгээний хэсгүүд барих уу?
- Тийм ээ. Энэ барилга маань хотын Хүндэтгэлийн хаалганы дэргэд баригдаж байгаа гэдэг утгаараа дан ганц ШТС биш үйлчлүүлэгчдийн хэрэгцээт мини дэлгүүр, кафе шоп зэргийг цогцлоох зорилготой баригдаж байна. Мөн ойролцоох хэсгүүд тэр чигтээ ногоон байгууламж болох юм. ШТС маань ирэх 11-р сардаа багтаж ашиглалтад орно. Ингэснээр манайх Мөрөн сумаас 10-аад иргэнийг ажлын байраар хангана. Нөгөө хоёр салбарт маань одоогоор найман хүн ажиллаж байна.

- Яагаад заавал Хүндэтгэлийн хаалганы дэргэд салбараа барих болсон юм бэ?
-Монгол Улсын аль нэг хуульд Хүндэтгэлийн хаалганы дэргэд барилга байгууламж барьж болохгүй гэсэн нэг ч заалт байхгүй. Миний хувьд гурав дахь салбараа нутаг орныхоо нүүр царай болсон аятайхан үйлчилгээний газар болгон байгуулах зорилготой уг байршлыг сонгосон.  ШТС гэдэг нэг төрлийн үйлчилгээний газар юм шүү дээ.Энэ газар маань 1500м2 буюу 0,15 га талбай юм. Энэ газар кадастрын зураг нь зурагдаад, хянадаг бүх газартаа хянагдаад, батлагдсан барилга байгууламж барих зөвшөөрөлтэй газар. Бид энэхүү салбараа байгуулахын тулд Хас банкнаас тодорхой хэмжээний зээл авч, Хүндэтгэлийн хаалгыг эрчим хүчинд холбохын тулд 25 сая төгрөгийг зарцуулаад байна. Би нутаг орныхоо газар шороог ухаж, алт угааж, уул усаа түнхээгүй. Хүмүүс яагаад аливаа асуудлыг харлуулж, буруутгаж харж байдгийг үнэхээр ойлгодоггүй. Энэ асуудлыг зөв талаас нь харж, үнэн зөв мэдээллийг иргэд авдаг байх нь чухал юм даа. Их хотын хөгжлийг хүндэтгэлийн хаалгатайгаа холбож яагаад болохгүй гэж.
 
Г.БАЯРЦЭЦЭГ:  Уг газрыг “Ихэр наран” ХХК хуулийн дагуу дуудлага худалдаагаар худалдаж авсан

Мөрөн сумын Засаг даргын 2016 оны 7-р сарын 8-ны өдрийн А\65 захирамжийн биелэлтэд хяналт тавьж хэрэгжүүлж ажилласан Мөрөн сумын  газрын даамал Г.Баярцэцэгээс зарим зүйлийг тодруулсан юм.

- Мөрөн сумын хэмжээнд одоогийн байдлаар ШТС-ын зориулалттай хэдэн газар олгосон байдаг вэ?
-Манай сумын хэмжээнд Шатахуун түгээх станцын зориулалтаар гурван газар олгосон байдаг. Үүнд: “Пестровис” ХХК-ийн эзэмшлийн нэг ШТС газар дээрээ үйл ажиллагаа явуулж байна. Мөн “Ихэр наран” ХХК-ийн эзэмшлийн энэ газар удахгүй үйл ажиллагаагаа эхлэхээр ажиллаж байна. Харин гурав дахь газар нь 2014 онд олгогдсон нэг газар байдаг ч тухайн газар дээр ямар ч барилга байгууламж, үйл ажиллагаа бариагүй байгаа.

- “Ихэр наран” ХХК-ийн эзэмшилд очсон энэ газрын дуудлага худалдаа хэзээ зарлагдсан юм бэ?
-Энэ газрын дуудлага худалдааны зар 2016 оны 5-р сарын 25-ны өдөр Газрын цахим бирж вэб хуудсанд тавигдсан. Ингээд хуулийн дагуу 30 хоногийн дараа дуудлага худалдаа явагдаж, газар 1,440,960 төгрөгнөөс дуудагдаж, 2,940,960 төгрөгөөр “Ихэр наран” ХХК хуулийн дагуу худалдан авсан.

- Тус ШТС-ын барилга захирамжид заасан газрын кадастрын зургийн дагуу баригдаж байгаа юу?
-Яг зургийнхаа дагуу баригдаж байгаа. Кадастрын зураг нь өмнөх Засаг дарга Ж.Гэрэлчулуун даргын үед хийгдсэн. Харин одоогийн Засаг дарга Ц.Батцоож хаалганаас 75 метрийн зайтай байсан зургийг 100 метрээс гадагш татах шаардлага тавьж, компани шаардлагын дагуу барилгаа барьж байгаа.

   - Захирамж дээр уг ШТС-ын барилгыг хаалганы зүүн хойно гэж заасныг “Ихэр наран” ХХК баруун хойно нь бариад байна гэж иргэд үзээд байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Мөрөн сумын Засаг даргын 2016 оны 7-р сарын 8-ны өдрийн А\65 захирамжинд заагдсан байршлын дагуу баригдаж байгаа. Захирамж дээр хаалганы зүүн хойно гэж заасан нь хаалгаа төв цэг гэж үзсэн хэрэг. Харин иргэд ертөнцийн зүгээрээ ойлгоод байгаа юм. Миний хувьд энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажилласан хүний хувьд энэ газар дээр хууль зөрчсөн зүйл огт байхгүй гэдгийг хэлье.

Ц.БАТЦООЖ:  Барилгын ажил хуулийн дагуу явагдаж байна

Мөрөн сумын Засаг дарга Ц.Батцоожоос Чингис хотын хүндэтгэлийн хаалганы дэргэд баригдаж байгаа ШТС-ын асуудалд ямар байр суурьтай байгааг нь сонслоо.

"-Олон нийтийн сүлжээгээр энэ тухай нэлээд асуудал өрнөөд байгаа. Тухайн үед нь сумын Засаг даргын хувьд учир шалтгааныг нь тодруулж, олон нийтийн сүлжээнд дэлгэрэнгүй мэдээлэл тавьсан.  “Ихэр наран” ХХК-ийн ШТС-ын барилгын ажил хуулийн дагуу, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр явагдаж байна. Хүндэтгэлийн хаалганы дэргэд ШТС баригдаж байгааг зарим иргэд эсэргүүцэж байгаа ч өмнөх удирдлагуудын үед хийгдсэн ажлыг бид албан ёсоор зогсоох, болиулах эрхзүйн үндэслэл байхгүй." гэлээ.

Бидний бэлтгэсэн сурвалжлагаас уншигч та бүхэн олон талын эх сурвалжтай, үнэн бодит мэдээллийг авсан гэдэгт итгэлтэй байна. Дашрамд дурдахад, Хэнтий аймагт орон нутгийн тодотголтой “Ихэр наран”, "Хангарьд", "Чин тал" гэсэн гурван ШТС-ууд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Харин Чингис хотруу орох хүндэтгэлийн хаалганаас дотогш төв зам дагуу М-Ойл, Дашваанжил газ, Тэс Петролиум, Сод Монгол, Магнай Трейд, Жаст Ойл, Өндөрхаан газ гэсэн шатахуун болон газ түгээх долоон станц үйл ажиллагаа явуулж байна.
Д.Одонтунгалаг
 
Related news