Мялзан өвчнийг хээрийн нөхцөлд оношлох талаар мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-25 17:57:16
Архангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр Улсын Мал эмнэлэг үржлийн газар, Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн алба хамтран "Бог малын мялзан өвчнийг хээрийн нөхцөлд оношлох нь" сэдэвт сургалтыг энэ сарын 23-нд өдөр зохион байгууллаа.

Архангай аймагт гоц халдварт мялзан өвчин гарч байгаагүй бөгөөд өнгөрөгч 7 дугаар сард Өгийнуур, Цэнхэр, Хашаат сумдад мялзан өвчний тандалт судалгааг хийж, судалгааны үр дүнд “тайван” гэсэн дүн гарсан байдаг. Харин мялзан өвчний халдвартай хээлтүүлэгч Увс аймгаас Цахир, Чулуут суманд ирснийг даруй шинжилгээ хийж, оношлон холбогдох газруудад нь асуудал тавин арга хэмжээ авч ажиллажээ. Ер нь мялзан өвчний тархалтад малын шилжилт хөдөлгөөн нөлөөлөх бөгөөд шинжилгээ хийсэн бичиг нь үнэн бодит байх нь чухал байдаг байна. 

Сургалтанд Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай гэсэн аймгуудын Мал эмнэлгийн алба болон сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн малын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнүүд хамрагджээ.

Б.Гэрэлт-Од
Related news