АРХАНГАЙ: Музейн үзмэрүүдийг дохионы хэлний орчуулгатай тайлбарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-25 10:02:11

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. НҮБ-аас жил бүрийн 9 дүгээр сарын 23-ны өдрийг “Олон улсын дохионы хэлний өдөр” болгон зарласан байдаг.


Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд дохионы хэлний хэрэглээг дэмжих, харилцаанд өргөн ашиглах нөхцөлийг бүрдүүлэхийг хуульчилсан.


Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх гэж үгүй” гэсэн уриатайгаар сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн бүх түвшинд дохионы хэлний хэрэглээг дэмжихийн чухлыг онцолж байна.


Сонсголын бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх нь төр, нийгмийн нийтлэг хариуцлага юм.


Архангай аймагт “Дохионы хэлний цэнхэр гэрлээ асаацгаая” хөдөлгөөн өрнүүлж байна. Үүний хүрээнд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс хэд хэдэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.


Тухайлбал,  

-Сонсголын бэрхшээлтэй иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийн гишүүдтэй сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, нийгмийн харилцааны хүндрэл бэрхшээл, хөдөлмөр эрхлэлт, мэдээллийн хүртээмжийн талаар өглөөний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Энэ үеэр нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн ахлах зэрэгтэй эмч Х.Ганчимэгтэй хамтран иргэдэд үзлэг оношилгоо, зөвлөгөө өгчээ.


Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аймгийн Музейн үндэсний түүх соёлын уламжлал, үзвэр үйлчилгээг дохионы орчуулгатайгаар тайлбарлан таниулсан байна.


Иргэдтэй харилцдаг анхан шатны байгууллагууд болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын баг хариуцсан мэргэжилтнүүд, Эрдэнэбулган сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариусан мэргэжилтэн, Эрдэнэбулган сумын баг хариуцсан нийгмийн ажилтнууд, Монгол банк болон арилжааны банкуудын теллерүүдэд дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгуулжээ.


Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох, хөдөлмөр эрхлэлтийн сайн туршлагын талаар олон нийтэд сурталчлан иргэд, аж ахуйн нэгжийг уриалсан контент бэлтгэн түгээж байна. 

Related news