АРХАНГАЙ: 240 км.кв ой, бэлчээрийн газрыг нөхөн сэргээх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-19 14:30:41

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төсөл эхэллээ.

 

​Энэ төсөл нь 2025-2030 онд хэрэгжих бөгөөд нийт 29,932 км.кв талбайг хамарна.


​Төслийн гол зорилго нь ой, бэлчээр, усны менежментийг сайжруулж, 240 км.кв ой, бэлчээрийн газрыг нөхөн сэргээнэ. Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах буюу цоохор ирвэс, янгир, аргаль зэрэг ховор амьтдын амьдрах орчныг сайжруулж хамгаалах юм. ​Олон мянган малчин өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор байгалийн нөөцийг тогтвортой ашиглах талаар малчдын бүлгүүдэд дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Төсөл нь ​Архангай аймгийн Ихтамир, Булган, Цэнхэр, Чулуут, ​Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт, ​Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга суманд хэрэгжинэ.  


​Хангайн нуруу нь Монголын хамгийн өндөр малын нягтралтай бүсүүдийн нэг учраас төслийн үйл ажиллагаа нь газар нутгийн доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. 

Related news