Хэнтий аймагт он гарсаар хүчирхийллийн гурван гэмт хэрэг үйлдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-25 13:50:14
Хэнтий /МОНЦАМЭ/. Бэлгийн хүчирхийлэлд таван настай бяцхан охин өртсөн талаарх мэдээлэл  нэг хэсэгтээ нийгмийг цочирдуулсан. Тэгвэл төрсөн гэртээ амар тайван амьдрах эрхээ хязгаарлуулж, биеийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд Хэнтий аймагт ч байсаар байна.

Ёс бус энэ гэмт хэргийн талаар Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас тодруулан, Сум дундын эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс 2016-2017 оны байдлаар шийдвэрлэгдсэн хүчирхийллийн гэмт хэргийн харьцуулсан тоон мэдээлэлтэй танилцлаа.  

Хэнтий аймагт 2016 онд хүчирхийллийн гэмт хэрэг тав гарснаас хүчингийн хэрэг дөрөв, үүний гурав нь насанд хүрээгүй буюу 9-14 насны хүүхдүүд, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нэг тохиолдол шийдвэрлэгдсэн нь дөрвөн настай бяцхан хүүхэд байжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь эцгийн ихрийн өрөөсөн, эхийн ах, эцгийн дүү зэрэг садан төрлийн хамааралтай хүмүүс байна.

Харин 2017 онд хүчирхийллийн гурван гэмт хэрэг гарснаас хүчингийн хэргийн хоёр хохирогч хоёул 14 настай байсан бол дөрвөн настай бяцхан хүүхдэд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нэг тохиолдлыг төрсөн эцгийнх нь дүү үйлдсэн байжээ.
 
 “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь хүүхдийн биеэ хамгаалах бүрэн чадамжгүй, итгэмтгий, цайлган байдлыг ашиглан бэлгийн харьцааны зорилгоор үйлдэгддэг ноцтой гэмт хэрэг юм.”
 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ удаагийн илтгэлийн I бүлгийн “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”-д тусгагдсан хүүхдийн хүчирхийллийн талаарх зарим тоон мэдээллийг танилцуулъя.

Хүүхэд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчид болон хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, хандлага, хэрэглээ манай орны хувьд ямар байгааг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах бодлого, эрхзүйн орчин бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран "Хүүхдийн эрх ба хамгаалал* үндэсний судалгааг 2016 онд хийсэн байна.

Энэхүү КАП1 судалгааг Улаанбаатар хотын 7 дүүрэг, 8 аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг хамруулан хийжээ. Судалгаанд оролцсон нийт хүүхдийн 82.8 хувь буюу 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хүчирхийлэлд өртсөн, түүнээс хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын, таван хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны, дөрөн хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, сэдэл, халдлагад өртөж байжээ. Давтамжийн хувьд бие махбодын хүчирхийлэл ихэвчлэн гэр бүл, сургуулийн орчинд гардаг байна.

Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 60 хувь нь хохирогчийн гэрт, 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, 11.4 хувь нь айлд, 8.5 хувь нь тодорхойгүй, 2.8 хувь нь машинд үйлдсэн байна. Хүчирхийлэл үйлдэгчдээс нийт тохиолдлын 57.1 хувь ураг төрөл, 25.7 хувь нь танил, 25.7 хувь нь хөндлөнгийн хүн байна.
 
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөний 295 нь эмэгтэй, хамгийн бага нь хоёр настай, мөн гурван эрэгтэй хүүхэд хохирогч болсон. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Цагдаад шалгагдаагүй хэрэг зөндөө байгаа. Эдгээрээс 47 хувийг нь хэрэгсэхгүй болгосон” гэсэн мэдээллийг хуралдааны үеэр хийсэн юм.

Насанд хүрээгүй хүүхдүүд төрсөн эцэг, төрөл садангийнхаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа нь хамгийн эмгэнэлтэй юм. Амгалан тайван амьдрах нөхцөл нь бүрдээгүй өнөөгийн нийгэмд онц ноцтой хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнүүд торны цаана амьдарч, төрийн өршөөлөөр төлөвшөөгүй зарим нь өршөөгдсөөр байх уу, эсвэл Цаазын ялыг эргэн сэргээх үү?

Алдрай бяцхан үрс маань аав ээжийнхээ энгэрт эрхэлж, тоглож наадах насандаа бусдын эрхэнд биеэ тамлуулж, бодол сэтгэлээ зовлонгоор дүүргэн, хүүхэд насаа хүчирхийллээр үдсээр байх уу?
Д.Одонтунгалаг
Related news