Хэнтийн залуус аймгийнхаа хөгжлийн төлөвийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-24 14:50:19
Хэнтий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачлагаар зохион байгуулсан “Хэтийн Хэнтий-2030" хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд "Оюуны Академи-2017" форум болж өнгөрлөө. Хэнтий аймгийн сум бүрийн төлөөлөл болсон 100 гаруй оюутан залуус тус арга хэмжээнд оролцсон байна.
Уг хөтөлбөр Хэнтий аймгийн шинэ үеийн залуу манлайлагчдын чадавхийг бэхжүүлэх, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг түгээн дэлгэрүүлэх, шаардлагатай мэдлэг мэдээлэл олгоход чиглэжээ.

Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд нээлтээ хийсэн тус хөтөлбөр Төрийн ордны А танхимд хоёрдугаар хэсэг буюу хаалтын үйл ажиллагаага хийсэн аж. Хэнтий аймгийнхаа оюутан залуусын санал хүсэлтийг сонсохоор хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Хэнтий аймгийн МАН-ын дэд дарга Б.Наранбат нар оролцжээ.

Эрүүл мэнд, боловсрол, гэр бүл төлөвлөлт, залуус ба нийгмийн оролцоо, аялал жуулчлал зэрэг сэдвүүдээр өрнөсөн хэлэлцүүлгээс шилдэг сайн санаа олон гарсан байна. Тухайлбал, Албан бус боловсрол буюу Насан туршийн боловсролыг хөгжүүлэх, аймгийн эрүүл мэнд болон боловсролын байгууллагуудын тоног төхөөрөмж, материаллаг баазыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, аялал жуулчлалыг өндөр хэмжээнд хөгжүүлэх зэргийг дурдаж болох юм.

Хөтөлбөрт оролцсон залуус арга хэмжээний төгсгөлд сертификат, үнэмлэх гардаж, Хэнтий аймгийн оюутны холбоонд гишүүнээр элсчээ.
 Д.Одонтунгалаг
Related news