“Чингис цом-2017” нээлттэй тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хэнтий аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн “Чингис цом-2017” тэмцээн болж өндөрлөлөө.
Энэ удаагийн нээлттэй тэмцээнд Монголын Волейболын Холбооны Улсын болон Олон Улсын Хэмжээний мастер /ОУХМ/ тус бүр дөрөв, Спортын Мастер /СМ/ 25, Спортын Дэд Мастер /СДМ/ 17, нэгдүгээр зэргийн 62 тамирчин оролцжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр нийт 18 багийн шилдэг 180 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн гэв.
“Чингис цом-2017” волейболын тэмцээнийг Хэнтий аймгийн ИТХ, Хэрлэн сумын ЗДТГ, тус аймгийн БТСГ, МВХ-ны “Алтан түнш” байгууллага “Витафит Хэнтий” салбар, Мобикомын Хэнтий аймаг дахь салбар, Н.Эрдэнэжаргал захиралтай “Монмит трэйд” ХХК, Ж.Шаравням захиралтай “Хосбар” ХХК, Ч.Нарантуяа захиралтай “Ханбүргэд” ХХК-ийн хамт олон ивээн тэтгэж, дэмжиж ажилласан байна.
Нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн аваргын цом, алтан медалийг волейболын ОУХМ Р.Хангай дасгалжуулагчтай, СМ Б.Батбилэг ахлагчтай, “Хос бар” багийн тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг волейболын СДМ Х.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай, волейболын СМ Б.Гэрэлмандах ахлагчтай, Ардчилсан Залуучуудын холбоо /АЗХ/-ны баг тамирчид, хүрэл медалийг Г.Баярсайхан дасгалжуулагчтай, волейболын ОУХМ М.Мөнх-Оргил ахлагчтай, Дорнод аймгийн “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын баг тамирчид хүртжээ.
Харин эмэгтэйчүүдийн аваргын цом, алтан медалийг Э.Жаргалсайхан дасгалжуулагчтай, волейболын ОУХМ П.Буянжаргал ахлагчтай эмэгтэй баг тамирчид хүртэж, мөнгөн медалийг Б.Батцоож дасгалжуулагчтай, Д.Отгонцэцэг ахлагчтай, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны баг тамирчид, хүрэл медалийг волейболын СДМ Б.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай, Ч.Туул ахлагчтай, Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн баг тамирчид хүртэв.
Тус тэмцээний шилдэг довтлогчоор Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн багийн тамирчин н.Будсүрэн, Дорнод багийн тамирчин волейболын СМ н.Даваажаргал, шилдэг хамгаалагчаар ХААН банкны тамирчин Х.Буянзаяа, “Хос бар” багийн тамирчин волейболын СМ Б.Энхбат, шилдэг холбогчоор АЭХ-ны багийн тамирчин У.Мөнхзул, “Хос бар” багийн тамирчин волейболын ОУХМ Р.Хангай, шилдэг давуулагчаар АЭХ-ны багийн тамирчин волейболын СМ Ж.Майнэгэн, Дорнод багийн тамирчин волейболын ОУХМ М.Мөнх-Оргил нар шалгарлаа.
Түүнчлэн тэмцээний “Шилдгийн шилдэг тамирчин”-аар АЗХ-ны тамирчин волейболын СМ М.Цэрэнбаатар, ХАС банкны тамирчин волейболын ОУХМ П.Буянжаргал нар тус тус шалгарсан байна.
Энэ үеэр "Чингис цом-2017" волейболын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн аваргын цом, алтан медаль хүртэж, амжилт гаргасан “Хос бар” багийн тамирчдадаа багийн эзэн Ж.Шаравням захирал баяр хүргэж, хоёр сая төгрөгөөр урамшуулсан байна.
Д.Одонтунгалаг