Архангай аймаг энэ жил тариалалтын талбайгаа нэмэгдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онуудад Архангай аймаг 8000 гаруй га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо, ногоон тэжээл тариалж байсан бол энэ жилээс тариалалтын талбайгаа нэмж 12000 гаруй га-д тариалалт хийсэн. Өөрөөр хэлбэл, тариалалтын талбай нэмэгдсэнээр ургацын хэмжээ өсч өнгөрсөн оныхтой харьцуулахад үр тариа 51,9 хувиар, төмс 2,4 хувиар, хүнсний ногоо 10,7 хувиар, тэжээлийн ургамал 2,7 дахин, техникийн ургамал 2,2 дахин илүү тариалсан байна.
Архангай аймгийн хэмжээнд ургац хураалт 11 дүгээр сарын эхээр дуусна. Өнөөдрийн байдлаар үр тариа 3480 га талбайгаас 2786 тн, төмс 479,57 га-гаас талбайгаас 2387,6 тн, тэжээлийн ургамал 3032 га талбайгаас 5028,5 тн, техникийн таримал 1400 га талбайгаас 280 тн, хүнсний ногоо 171,9 га талбайгаас 740 тн ургац хураан авсан байна.
Ургац хураалтын ажилд аймгийн “Багшийн дээд” сургууль, “Гурван тамир” дээд сургууль, МСҮТөвийн нийт 40 гаруй оюутан, 60 гаруй түр ажилчин, механикжуулагч, 60 гаруй машин техник ажиллаж байна.
Б.Гэрэлт-Од