Элэгний В, С вирусийн шинжилгээнд 12 мянга гаруй иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-11 18:39:01
Хэнтий /МОНЦАМЭ/. Энэ оны есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 12085 иргэн хамрагдсан дүнтэй байна. Энэ нь нийт хамрагдвал зохих иргэдийн 64,3 хувь нь аж. Үүнээс С вирусийн 2127,  В вирусийн 1255 тохиолдол илэрчээ.

Эдгээр иргэдийн 203 нь эмчилгээнд орж, үр дүн нь 100 хувь байгаа гэнэ. Одоо эмчилгээ нь үргэлжилж байгаа 113, эмчлэгдэж эдгэрсэн 90 иргэн бүртгэгдсэн бөгөөд нэг сарын эмчилгээний дараа 85 хувьд нь вирус бүрэн тоологдохгүй болж, 15 хувьд нь вирусийн идэвхжил буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Сум, тосгодоос Тахилгат, Хэрлэнбаян-Улаан, Норовлин, Бэрх, Өмнөдэлгэр, Батноров, Өлзийт сум 87-оос дээш хувьтай буюу хамгийн олон иргэн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан байна.

Иргэд ледвир эмийг 51.2 хувь, ледипос эмийг 17.9 хувь, вирпас эмийг 5.1 хувь, харвони эмийг 54.4 хувь, хепсинат эмийг 1.3 хувь сонгон хэрэглэжээ. Монгол эм импекс ледвир, даклатасвир /софосбувир/, Оол эм эмийн сан ледипос, Монос эмийн сан вирпас, Эмийн увидас эмийн сан харвони, хепсинат зэрэг вирусийн эсрэг эмүүдийг олгож байгаа аж.
Хэнтий аймагт “Мобио” лаборатори элэгний С вирусийн идэвхжлийг тодорхойлох сонгон шалгаруулалтад тэнцэж, шинжилгээ хийж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн монгол” хөтөлбөр нь 2017-2020 онд хэрэгжинэ. Уг хөтөлбөр хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд элэгний вирусийн  халдварын тархалтыг хяналтанд авах зорилготой юм.

Энэхүү хөтөлбөрийн дагуу халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох  зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны, 2018 онд 15-39 насны бүх иргэдийг өрх, сумын Эрүүл мэндийн төвд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулна. 
Д.Одонтунгалаг
Related news