Хуулийн байгууллагууд нэгдэж, иргэдэд нээлттэй үйлчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-10 17:48:24

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагууд хамтран “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж, 40 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дороос үзүүллээ.

Өдөрлөгт Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба- 419 дүгээр хорих анги, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын тасаг, Өмгөөллийн салбар холбоо, Нотариат зэрэг найман байгууллага оролцжээ.

Өдөрлөгийн үеэр хуулийн байгууллагууд ард иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, байгууллагынхаа ажил, үйлчилгээг сурталчлан, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг нь хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авч ажилласан байна.

Тухайлбал, Цагдаагийн газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдаж сэргээгдсэн болон хуучин үнэмлэхний хугацаа дуусаж нөхөн олгогдсон иргэдийн үнэмлэхийг олгох, эрхээ хасуулж хугацаа дууссан иргэдийн материалыг хүлээн авах, зөвлөгөө өгөх, иргэдэд жолоочийн үнэмлэхний зөрчлийн оноо болон хүчинтэй эсэх лавлагааг хүсэлт харгалзахгүйгээр гаргаж өгчээ.

Харин Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба - 419 дүгээр хорих анги тус хорих ангид ял эдэлж буй хоригдолтой ар гэрийхнийг нь утсаар яриулах, хүмүүжигчдийн гар урлалын бүтээлийг танилцуулах, худалдан борлуулах зэрэг олон үйлчилгээг үзүүлсэн байна.

Д.Одонтунгалаг

Related news