Хэнтий аймгийн төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүд өнөөдөр ажилласангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-21 18:54:01
Хэнтий /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хэнтий аймгийн төрийн өмчит 25 сургуулиас 24 нь буюу 96 хувь, 34 цэцэрлэгээс 14 нь буюу 41 хувь нь цалингүй ажил хаялт хийж, ажил дээрээ суулт хийжээ.

Харин маргааш цэцэрлэг сургуулиуд хэвийн ажиллах юм байна.

Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнд Хэнтийн багш нар сайн дураараа нэгдэж, хичээлийн шинэ жилийн өмнөхөн тайван цуглаан хийсэн юм. Тус жагсаалд Хэнтий аймгийн төвийн ЕБС, Ясли, Цэцэрлэг, МСҮТ-ийн багш нараас гадна сум тус бүрт “Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо” байгуулагдан, 1000 гаруй багш нар нэгдэн Монгол Улсын үндсэн хуулийн 2-р бүлэг 16.16 д заагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдлэн дуу хоолойгоо төрдөө хүргэсэн аж. 

2017 оны байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд ЕБС-д 817, МСҮТ-д 34, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 364 багш ажиллаж байгаа бөгөөд тэд Багшийн цалинг нэмүүлэхийг дэмжиж гарын үсгээ цуглуулан Улсын БЦНТХ-нд хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.

Энэ хичээлийн жилд Хэнтий аймгийн хэмжээнд 26 сургуульд 15 мянга гаруй хүүхэд суралцаж байгаагийн дотор 1600 гаруй хүүхэд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн оржээ. Харин 9 дүгээр ангид 1279 хүүхэд элсэн суралцаж, 12 дугаар ангийг 997 хүүхэд төгсөх юм байна
 
   Д.Одонтунгалаг
 
Related news